А.Ганчимэгийг гурван өдөр ажлаа тасалсан хэмээн халжээ

Сүүлийн үед тайз дэлгэцийн олон сайхан бүтээлээрээ олны танил болсон, алдартай, авъяаслаг жүжигчин бүсгүйчүүд болох МУГЖ У.Уранчимэг, МУСТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар драмын театраа орхин "Хувьсал" продакшны албан ёсны жүжигчид болжээ.

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин А.Ганчимэг "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" хэмээх удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж буй киноны зураг авалтын үеэр МУГЖ У.Уранчимэгийн хамт театрын гурван өдрийн ажлаа тасалжээ. Гэтэл УДЭТеатрт ажиллаад удаагүй ч олон олон жүжгийн гол дүрд тоглосон А.Ганчимэг ажлаас халагдаж, гавъяат жүжигчин У.Уранчимэг цалингийн 20%-иар бууруулсан шийтгэл авчээ. Тиймээс А.Ганчимэг авъяастнаа биш алдартнаа дээдэлдэг театраа орхиж энэхүү продакшнд орсон бололтой.

УДЭТ-ын "Тэнгэрийн хүү", "Гамлет", "Би ч гэсэн жаргамаар байна", "Парисын дарь эхийн сүм", "Нэргүй од", "Шөнө амталсан нулимс", "Тамгагүй төр" зэрэг олон жүжгүүдийн гол дүрүүдийг тайзнаа амилуулж, үзэгч түмний талархлыг хүлээсэн МУГЖ У.Уранчимэг, дэлгэцнээ "Жинжиймаа"-д тоглосон дүрээр алдаршиж, "Надаар тоглосон хайр", "Хайрын виз", "Нууц амраг чинь болъё", "Шөнө амталсан нулимс", "Тэнгэрийн хүү" гээд нэрлэж баршгүй олон жүжгийн гол дүрд тоглосон МУСТА Д.Ганцэцэг, "Хэцүү анги" олон ангит киноны Зулаагийн дүрээр анх танигдаж, "Тэнгэрийн хүү", "Гамлет" жүжгийн гол дүрийг гайхалтай бүтээсэн А.Ганчимэг нарын жүжигчдийн орон зай театрын тайзнаа үгүйлэгдэж байгаа бөгөөд тэдний тоглосон жүжгүүд тайзнаа дахин тоглогдох эсэх нь эргэлзээтэй юм.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ