“Оюуны ундраа”-г тойрсон бас нэг маапаан

Саяхан “Багануур дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жаргалсайхан хэвлэлийн бага хурал дээр тус компани олон жилийн өмнөөс хэдэн тэрбумын өрөнд орж, алдагдалтай ажиллах болсон учраас ажилчдынхаа цалинг зээлээр тавьж байна гэв.

Санхүүгийн энэ замбараагүй байдал “Оюуны ундраа” компани Багануурын дулааны станцыг хувьчилж авахаар “МААТ” гэдэг компанийн нэрээр Төрийн өмчийн хороотой маапаантай гэрээ байгуулан ид бужигнуулж эхэлсэн 2003 оны үеэс эхлэлтэй.

Хувьчлалын гэрээг 2003 онд байгуулсан боловч гэрээнд заасан мөнгөө ТӨХ-нд төлөхгүй луу унжсаар байсан тул 2006 онд арга буюу цуцалжээ. Гэвч энэ хугацааны тайлан тооцоогоор “МААТ” ХХК-иас их хэмжээний өр авлага үүсч, буух эзэн буцах хаяггүй уг компанийг эрэн сурвалжлуулахаар“Багануур дулааны станц” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах 2011 онд Багануур дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Ингээд шүүхээс “МААТ” ХХК-ийг эрэн сурвалжилж хаягийг тогтоох тухай шийдвэр гаргасны дагуу бөөн эрэл сурал болсны эцэст ийм компани манай гариг дээр байхгүй гэдэг нь нэгэнт тогтоогджээ. “МААТ”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намба гэгчийг байцаахад миний итгэмжлэлийн хугацаа аль хэдийнэ дууссан гээд халгаасангүй. Хамгийн гол нь энэ хугацаанд Багануурын дулаан хэрэглэгчдийн их хэмжээний мөнгийг “Софт трейд” компанид шилжүүлснээс тус станцын данс улайж, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул Багануур хот тэр жилийн өвөл тэс хөлдсөн нь оршин суугчдын зүрхэнд одоо ч шар ус хуруулсаар байгаа.

Гэтэл саяхан “Оюуны ундраа” компани “Хадгаламж” банкийг худалдаж авахаар үзээд алдахдаа Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр албан тушаалаа ашиглан Багануурын уурхайгаас “Жаст” группт хоёр тэрбум төгрөг шилжүүлүүлэхээр Эрчим хүчний сайд М.Сономпилээр цохолт хийлгүүлэн өөр ямар ч гүйлгээ хийлгэхгүйгээр дансыг нь хаалгасан байдаг. Уурхайгаас нүүрсний авлагын мөнгөндөө тооцож, дээрх хоёр тэрбумыг “Багануур дулааны станц” ТӨХК-иас “Жаст”-д шилжүүлэхийг хүсчээ. Энэхүү бүтэлгүй наймааны уршгаар одоо Багануурын нүүрсний уурхай, Дулааны станц хоёрын хооронд “Жаст” группт хоёр тэрбумыг шилжүүлсэн, шилжүүлээгүй гэх хэрүүлийн сүлжээ үүсч, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаярын дарамтаар “Өдрийн сонин” нийтлэлийнхээ хариуд хүлцэл өчсөн.

Энэ нь бас чамлалтай санагдсан тул “Оюуны ундраа” компани өөрт нь Тээвэр хөгжлийн банкны 51 хувийг бэлэглэсэн Швейцарийн иргэн В.И.Арминий нэр барьж, хэвлэл мэдээллийнхнийг цуглуулан “Багануур дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жаргалсайхан, Санхүүгийн хэлтсийн дарга Ц.Энхцэцэг нараар С.Отгонбаярын нэрийг цэвэрлэж, бусдад булхайгаа чихэх гэсэн авч боссынхоо нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж орхив.

Юу гэвэл, энэ хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчид мөнөөх ор мөргүй “МААТ”-ын хэргийг сөхөж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намбын нэрийг дурдсанаар хэвлэл мэдээллийнхэн овоо гоочлох юмтай боллоо. Дархан цаазат Богд уулын бүс дэх Зайсан толгойн арыг ухаж, соёл амралтын төв байгуулахаар лус савдаг хилэгнүүлж байгаа “Оюуны ундраа”-гийн охин компани “Софт трейд”-ийн нэгэн захирал нь мөнөөх Б.Намба гэгч ажээ. Тэр бас Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяр асны өнгөнд ОБЕГ-т хүчээр шахсан өвгөн “Бенз”-ний эзэн Д.Намбаар тодорч байсан.

Энэ тухай С.Отгонбаярын захиалгаар хийж, интернэтэд тавигдсан “Дуулиант хилс хэргийн мөрөөр” гэсэн хоёр ангит кинонд тодорхой өгүүлсэн байгаа. Уг кинонд шинжээчдийг андуурч үнэлгээ хийсэн гээд шүүгчдийг хилсдүүлсэн гэх утга санаа илэрхийлдэг нь С.Отгонбаярыг цагаатгах өнгө аяс илэрхий агуулдаг. Дашрамд дурдахад ОБЕГ-ын дарга, дээд комиссар асан Д.Даш шүүхээс ногдуулсан найман хорих ялыг нь Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгоход чамлаж, давж заалдаад одоо чанга дэглэмтэй хориход ялаа эдэлж буйг санахад илүүдэхгүй. Ингээд “МААТ”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намба, өвгөн “Бенз”-ний наймаачин Д.Намба, өдгөө “Софт трейд”-ийн захирал Д.Намба гээд бодохоор яг л гэмт хэргийн тухай олон ангит киноны ээдрээтэй дүрийг санагдуулна.

Одоо “Оюуны ундраа” компанид Тээвэр хөгжлийн банкны 51 хувийг эзэмшдэг “Инфрастракчер” компаниа зүгээр л бэлэглэчихсэн Швейцарийн иргэн В.И.Арминий хаана яваа нь онцгой анхаарал татаж байна. Түүнийг манай цагдаагийнхан Кипр улсаас оруулж ирсэн бохир мөнгөө Монголоос үл хөдлөх хөрөнгө худалдан авах замаар цэвэршүүлсэн гэдэг шалтгаанаар 2011 онд баривчлан саатуулсан боловч гэнэт суллагдсан байдаг. Иймээс 2001-04.22-ны өдөр Нийслэлийн прокуророос Армин Виедеркер Иоханыг Монгол Улсын хилээр гаргахгүй байхыг мэдэгдсэн ч маргааш нь нөлөө бүхий хүмүүсийн оролцоотой Эрээнцавын боомтоор хил давсан гэдэг.

Гэтэл “Оюуны ундраа” ХХК”-ийн ерөнхий захирал С.Амарсайхан /С.Отгонбаярын дүү/ №5027233 регистрийн дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээтэй “Инфрастракчер” ХХК-ийн 100 хувийн хувьцааг хариу төлбөргүйгээр тус компанид бэлэглэсэн гэх нотариатаар батлуулсан Бэлэглэлийн гэрээ гаргаж ирэв. Хуулийн дагуу аливаа бэлэглэлийн гэрээг бэлэглэгч, бэлэг хүлээн авагч зэрэгцэж суугаад гарын үсэг зурж байгуулдаг бол ор сураггүй алга болсон В.И.Арминитай “Оюуны ундраа”-гийнхан хаана, хэзээ, ямар хэл дээр дээрх гэрээг байгуулсан нь сонирхолтой. Харамсалтай нь шүүхээс В.И.Арминийг 100 хувийн хувьцаа эзэмшигчээр сэргээн бүртгэж, УБЕГ-аас “Инфрастракчер” ХХК-ийн хүчингүй болсон гэрчилгээг хураалгахыг “Оюуны ундраа” компанид 2012.12.03-.ы өдрийн 5/10358 тоот албан бичгээр мэдэгдсэн ч тушаасан үгүй нь бүү мэд. Эндээс үзэхэд мөнгө угаасан В.И.Арминий сургийг “Оюуны ундраа”-гийнхан гаргаж мэдэхээр байна.

Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ