Хөдөлмөрийн яармаг -2013 болно

Ирэх сарын 17-18-ны өдөр "Start Your Career!" уриан дор Хөдөлмөрийн төв бирж, МАОНХ, ХБНГУ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөн хөгжлийн төв (ОУШХХТ), Монголын Залуучуудын Холбоо зэрэг байгууллагын дэмжлэгтэйгээр өндөр хөгжилтэй орнуудад суралцаж буй оюутан, мэргэжилтэн, төгсөгч залуусдаа зориулсан "Хөдөлмөрийн яармаг- 2013" BlueMon цамхагт болно.
Алс хөдөө-аймгийн төв нийслэл -гадаадын улс орнууд гэсэн миграци буюу нийгмийн гоц үзэгдэл Монголд түгээмэл болоод 20 жил боллоо. Өнөөдөр албан бус тоогоор 200 мянга орчим монголчууд гадаадад ажиллаж буй нь нэг талаас brain drain /human capital flight буюу мэргэжлийн болон оюуны өндөр чадавхитай урсгалыг гадагш алдаж, улмаар нийгэмд өндөр чадвар бүхий мэргэжилтнүүдийн хомсдолыг бий болгож байна.
Монгол Улсын Засгийн газрын“Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 150 мянган байнгын ажлын байр шинээр бий болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа ч чадвартай, мэргэжилтнүүдийн тоо 30 мянга хүрэхгүй байгаа билээ. Иймээс “Монгол,Германы гүүр” байгууллагаас эх орныхоо өмнө тулгамдаж буй дээрх асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах үүднээс хилийн чанадад мэргэжил эзэмшсэн төгсөгчид, оюутан залуусын оюуны урсгал, шилжилт хөдөлгөөнийг эргүүлэн татах зорилгоор Хөдөлмөрийн яармагийгзургаа дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Яармагийн зорилго нь Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн хөгжил, чиг хандлага, байгууллагуудын хүний нөөцийн эрэлт хэрэгцээг тодорхойлох, ажил олгогч байгууллагуудыг сурталчлах, нөгөө талаас өндөр хөгжилтэй оронд төгсөгчдийг ажлын байраар хангахад оршино. Тус яармагт дотоод, гадаадын бизнесийн нэр хүндтэй 30 гаруй ажил олгогч байгууллагууд оролцох ба эдгээр байгууллагууд нь урьдчилсан байдлаар 500 гаруй дунд болон дээд түвшний ажлын байруудыг санал болгож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ