О.Магнай:Бүртгүүлэхгүйгээр хувиараа таксинд явахыг хориглоно

ШӨХТГ-ын дарга О.Магнай өнөөдөр таксины үнийг км нь 1000 төгрөг болгохоор боллоо гэсэн мэдээлэл өглөө.Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Таксины үнийг ямар шалтгаанаар нэмж байгаа юм бэ?

-Нийтийн тээврийн газраас 1км газрыг 600 төгрөгөөр яв гэж тариф зааж өгсөн. Гэвч харамсалтай нь 600 төгрөгөөр явдаг, тоолууртай такси байдаггүй. Бид өнгөрсөн хавраас эхлээд такси компанийнхантай уулзсан. Бүхий л орлого, зарлага дээр нь тооцоо хийж үзсэн. 600 гэдэг үнэ бол одоогоос 5-6 жилийн өмнө тогтсон үнэ. Ингээд тооцоо хийхэд хот л болсон хойно такси бол зайлшгүй байх ёстой. Харин тэр такси нь аюулгүй байдлыг хангасан байх ёстой. Дараа нь буух эзэн буцах хаягтай байх нь чухал. ЦЕГ-аас авсан мэдээллээр такситай холбоотой гэмт хэрэг их байдаг юм байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд такситай явж байгаад амь насаа алдсан 4-5 хүн байгаа гэсэн судалгаа байдаг юм билээ. Тэгэхээр яах аргагүй таксины асуудлыг ярихаас өөр аргагүй юм.

-600 төгрөгөөр үйлчлэхээ болиод бараг жил болж байна шүү дээ. Км-ийг нь 700-800-аар явж байгаа. Энэ үнэ такси компаниудад алдагдалтай байсан гэж үү?

-1997, 1998 оны үед манайд таксины бизнес хөгжсөн. Гэтэл хүчээр үнийг бариад эхэлсэн чинь энэ үйлчилгээг эрхэлдэг компаниуд цөөрсөн. Одоо хөрөнгө оруулчихсан байгаа компаниуд нь таксиныхаа өнгө үзэмжинд анхаарахаа больсон. Жолооч нар нь 600 төгрөгөөр явах алдагдалтай учир бүгд тоолуураа далд хийчихээд өөрийнхөө амандаа хийсэн үнээр л явдаг болсон.Тиймээс бид нийслэлийн нийтийн тээврийнхэнтэй ярилцаад таксины нэг км-ийн үнийг 1000 төгрөгөөр тогтооё гэсэн шийдэлд хүрсэн. Харин таксинуудбаталгаажсан тоолууртай байх төдийгүй бүх такси аль компанийх байхаасаа үл хамаараад бүгдээрээ адилхан наалт нааж байгаа. Энэхүү ажлаа таксины компаниуд 30 хоногийг дотор хийхээр болсон. Бүх таксины ард 1км-ын үнийг заасан бичгийг нааж өгнө.

-1 км нь 1000 төгрөг гэдэг цаашлаад олон асуудлыг дагуулах юм биш үү,хувиараа такси үйлчилгээнд явдаг хүмүүс дагаад үнээ нэмнэ шүү дээ?

-Мэдээж үнэ нэмнэ гэдэг сайн мэдээ биш. Гэхдээ цаашид таксинууд цэвэр, аюулгүй, баталгаатай байхын тулд зайлшгүй энэ үнийг нэмэхээс өөр аргагүй нөхцөл байдалтай байна. Яахав 1 км 600 гээд хуучнаар нь явж болно. Гэхдээ бодит амьдрал дээр такси 1000 төгрөгөөр үйлчилж байгаа нь үнэн. Тэгэхээр энэ үнийг албан ёсны болгоод дээрээс нь хяналт тавиад, төр нь оролцоод явъя гэж бид ярилцлаа.

-Хувиараа таксинд явдаг хүмүүсийг такси комданиудад бүртгүүлж байж үйл ажиллагаа явуулдаг болгоно гэлээ. Энэ талаараа тодруулаач?

Москвад жишээлбэл такси байдаггүй. Хэрэв шаардлагатай бол тухайн хүн нэг машины жолоочтой үнээ тохирч хүргүүлдэг. Бид цаашдаа ийм л болно. Тэгэхээр цаашдаа бүртгэлгүйгээр таксины үйл ажиллагаа явуулахыг хориглоно.Хэрэв тухайн иргэн хувиараа таксины үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой байх юм бол таксины компанид бүргүүлээд өөрийнхөө машиныг стандартад нийцсэн тоноглолоор тоноглоод явж болно гэсэн зөвшөөрлийг олгоно. Манай бүх таксины компаниуд хувийн машинтай иргэдийг бүртгэж авна гэсэн.

-Хэрэв хувиараа халтуур хийвэл ямар хариуцлага тооцох уу?

-Халтуур хийж байгаа жолооч нар такси үйлчилгээг унагаж байгаа. Тэгэхээр албан ёсоор гэрээгүйгээр ажил үйлчилгээ эрхэлж байгаа эдгээр хүмүүс эргээд улс орондоо татвараа төлж байгаа юм байхгүй. Харин таксины компаниуд хариуцлагаа үүрээд татвараа төлөөд явж байдаг.Хувиараа таксины ажил эрхэлдэг хүмүүсийг Нийслэлийн тээврийн газраас хянана. Хэрвээ хувь хүмүүс такси үйлчилгээний компаниудтай хамтарч ажиллах хүсэлтэй байгаа бол компаниудтай гэрээ хийх мөн тээврийн хэрэгслийн бүртгэлийн сандтээврийн хэрэгслүүдээ бүртгүүлэх шаардлагатай.Гэхдээ үүнд бас тавигдах шаардлагууд бий. Үйлдвэрлэгдсэнээсээ хойш 10-аас дотогш жил байх, зөв талдаа рультэй байх шаардлагууд тавигдана.

-Такси компаниуд үнээ нэмэе гэсэн үү. Үндэслэл яг юу вэ?

-Таксинууд 1 км тутам нь 5 төгрөгний алдагдалтай ажилладаг.Тэгэхээр таксины салбараа дэмжих үүднээс бид таксины үнийг нэмэхээс өөр аргагүй.

-Км нь 600 байж оройн цагаар үнээ нэмдэг юм чинь 1000 болчихвол үнээ бас л нэмнэ шүү дээ. Өмнөхийг нь зохицуулж чадаагүй юм чинь цаашид 1000-аас дээш болж өсвөл бас зохицуулж чадахгүй юм биш үү?

-
Бид бол үнийг нь нэмнэ. Гэхдээтакси компаниуд биднээс тавьсан шаардлагыг биелүүлэх чухал. Таксинууд бүгд дотроо тасалбарын төхөөрөмжтэй болно. Энэ тасалбраар бид санал гомдлыг баримтжуулна. Аль болох л соёлтой үйлчилгээг ард иргэдэд үзүүлдэг байгаасай гэдэг үүднээс ийм шийдвэрт хүрсэн.

-Бүх таксиг хянаж чадах уу?
-Бүгдийг хянана. Бид Замын цагдаагийн газартай хамтарна.


Нийслэлийн нийтийн тээврийн газрын орлогч дарга О.Түвшин:

-Одоогоор хэчнээн такси компани хэдэн такситайгаа үйл ажиллагаа явуулж байна?
- Нийслэлийн засаг даргаас нэгдүгээр эгнээг чөлөөлөх автозамын ачааллыг бууруулах захирамж байгаа. Тэгэхээр бид Улаанбаатар хотын автозамын ачааллыг багасгах гол гарц нийтийн тээврийн хэрэгсэл гэж үзэж байгаа. Тэгэхээр нийтийн тээврийн хэрэгсэл дотроо ганц том оврын автобус яригдах биш такси үйлчилгээтэй холбоотой асуудал ч чухал байна. Өнөөдөр Улаанбаатар хотод16 аж ахуйн нэгжийн 800 орчим тээврийн хэрэгсэл албан ёсоор такси үйлчилгээ эрхэлж байгаа. Улаанбаатарт жилд дунджаар 35 мянган тээврийн хэрэгсэл нэмэгддэг гэсэн тооцоо байдаг. Эхний наймдугаар сарын байдлаар 27 мянган тээврийн хэрэгсэл аль хэдийн ороод ирсэн.Тэгэхээр такси үйлчилгээ эрхлэхэд энэ олон тээврийн хэрэгсэл орж ирж байгаа нөхцөл байдал нөлөөлж байна. Тиймээс өнөөдөр такси үйлчилгээнийхээ салбарыг дээш нь татахын тулд ямар арга хэмжээ авч болох вэ гэдгийг үнэ тарифтай холбож ойлгож байгаа. Үнээ нэмээд зөрүүлээд тодорхой стандартай болгох шаардлагыг тавьж өгч байгаа. Такси үйлчилгээг соёлжуулж олон улсын стандарт руу оруулах цаг болжээ.

-Такси км нь 1000 болчихлоо. Тэгвэл дуудлагаар явдаг таксинуудын тарифыг хэрхэн зохицуулж байгаа вэ. Тэд км-ийн мөнгөнөөс гадна дуудлагын мөнгө авдаг шүү дээ?

-Дуудлагын таксины үнийг бид гэрээгээр зохицуулж өгнө. Өнөөдөр зах зээл дээр ямар үнэ баримталвал хэрэглэгчдэд нийцсэн үнэ тариф байх вэ гэдгийг авч үзнэ. Ямар ч байсан эхний ээлжинд эхний 1км 1500 дараагийн км-ээсээ 1000 төгрөг байхаар бид тооцоог хийж байгаа.

-Таксины үнийг нэмж байгаа юм чин зогсоолын асуудлыг ч шийдвэрлэнэ биз дээ?

-Улаанбаатарт "Гудамж" төслийн хэмжээнд 12 зогсоол төлөвлөгдсөн. "Төв номын сан", "Капитрон банк", Цамба гарав, Цэргийн эмнэлэг, Нарны замын урд, Улаанбаатар их дэлгүүр, Бөхийн өргөө, Их дэлгүүр гэсэн 12 газарт төлөвлөсөн.Үүнээс нь есөн зам хийгдэж байгаа. Одоогоор гурван зогсоол үндсэндээ бэлэн болсон.

-Нэг зогсоол дээр хэчнээн машин зогсох боломжтой бэ?
-7-8 машин зогсох боломжтой.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ