Хорт нянгаар бохирдсон сүүн бүтээгдэхүүн мэдрэлийн системд нөлөөлдөг

Шинэ Зеланд улсын "Фонтеррад" үйлдвэрийн зарим нэр төрлийн бүтээгдэхүүнээс хортой нянгийн бохирдол илэрсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл манай улсад биш гадаадын хэд хэдэн оронд илэрсэн юм байна.Гэхдээ манай улс тус үйлдвэрээс хуурай сүүнийхээ 90 орчим хувийг авдаг учраас нянгаар бохирдсон бүтээгдэхүүн Монголд нэвтэрсэн байж болзошгүй хэмээн үзэж, холбогдох байгууллагуудаас шалгалт явуулжээ.

МХЕГ-аас дотоодын нэр бүхий дөрвөн үйлдвэрийн 48 бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулжээ.Шинжилгээний дүнгээр нянгийн бохирдолтой гэх бүтээгдэхүүн илрээгүй байна. Мөн хүнсний аюулгүй байдлын чанарын шаардлагыг хангасан байсан гэв."АПУ", "Витафит", "Тэсо" гэсэн гурван компани "Фонтерра" компаниас хатаамал сүүг авдаг чнянгаар бохирдсон бүтээгдэхүүн илрээгүй байна. Энэ нь манай улсад нянгийн бохирдолтой хүүхдийн сүүн тэжээл болон, хатаамал сүү орж ирээгүй байна гэсэн үг юм.Гадны улсуудад илрээд буй ботулизм гэх энэ нян нь хүний мэдрэлийн системд нөлөөлж, булчин саажуулан улмаар амьсгал боосноор хүний эрүүл мэндэд асар муу нөлөө үзүүлдэг, үхлийн тохиолдол өндөртэй өвчин аж. Ботулизм нянгаар бохирдсон хүнсийг хэрэглэснээс хойш 18-36 цагийн дараа нүд бүрэлзэх, хэл яриа гацах, залгих боломжгүй байх, булчин сулрах зэрэг эхний шинж тэмдгүүд илэрч эхэлдэг байна.

Ард иргэд сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ худалдан авалтад анхаарал хандуулж, гадуур зарагдаж байгаа тохиолдолд МХЕГ-т мэдээлэхийг санууллаа. Цаашид МХЕГ-аас энэ төрлийн бүтээгдэхүүнийг хил гаалиар оруулж ирэх ажилд хатуу, чанга хяналттай ажиллана гэлээ.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ