Өнөөдөр С.Ням-Очир, Х.Цагаанбаатар нар барилдана

Бразилийн Рио-де-Жанейро хотноо үргэлжилж байгаа жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо.

Тэмцээний хуваарийн дагуу өчигдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн медальтнууд тодорсон юм. Монголын дөрвөн жүдоч дэлхийн аваргын татамид зодоглосон ч шагналын тавцанд гарч чадсангүй.

-66кг Үндэсний шигшээ багийн гишүүн, ЦЕГ-ын Биеийн тамир спортын Хүч хорооны тамирчин ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа, Үндэсний шишээ багийн гишүүн, Женко клуб, ШШГЕГ-ын Сүлд спорт хорооны тамирчин ОУХМ Даваадоржын Төмөрхүлэг, -52кг Үндэсний шигшээ багийн гишүүн, ЦЕГ-ын Биеийн тамир спортын Хүч хорооны тамирчин МУГТ Мөнхбаатарын Бундмаа, Үндэсний шигшээ багийн гишүүн, Женко клубын тамирчин ОУХМ Адъяасамбуугийн Цолмон нар барилдлаа.

Жингийнхээ ангилалд дэлхийн чансааг тэргүүлж байгаа Д.Төмөрхүлэг эхний барилдаанаа дэлхийн аварга, Украйны Георгий Зантарайатай хийж, вазари үнэлгээгээр ялагдлаа.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болно.

Монголын жүдочдоос 73 кг-д Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин С.Ням-Очир, 57 кг-ын жинд ОУХМ Д.Сумъяа нар хүч үзнэ. Хэсгийн барилдаан Монголын цагаар 21.00 цагт эхэлнэ. Энэ удаагийн ДАШТ-д 123 орны 680 жудоч хүч үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ