Гэрийн тань үүдэнд жорлон барьчихвал яах вэ, Үүл дарга аа

Хөрөнгө мөнгө, эрх мэдэл илүүд давуу үйлчилдэг төрийн тогтолцоог яалтай билээ. Иргэний дуу хоолой шиг чухал зүйл байхгүй хэмээн ярьдаг ч бодит амьдрал дээр түүн шиг хэрэггүй зүйл байдаггүй. Дуугарсан бүхэнд ямар нэгэн байдлаар дарамт үзүүлж, амыг таглахыг хичээдэг. Энэ бол өнөөгийн нийгмийн үнэн төрх.
Тэдний нэг бол Баянзүрх дүүргийн XIII хороолллын оршин суугчид. Гэрийнх нь үүдэнд нийтийн бие засах газар барьж байгаад эсэргүүцэн Нийслэлийн хотын бүхий эрх мэдэлтнүүдэд хаяглаж, захидал явуулсан ч хариу нь ирэхгүй байгаа учир оршин суугчид нь манай редакцид хандлаа.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн XV хороо XIII хороолллын дөрөвдүгээр байр буюу Бөхийн өргөөний зүүн талд найман нэрийн “Солонго” дэлгүүр өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр барилгаа өргөтгөж эхэлжээ. Анх ТҮЦ байсан хэдий явцын дунд нэмэлт өргөтгөл хийсээр байгаад ийнхүү өнөөдөр зоорьтой дөрвөн давхар барилга болгон сүндэрлүүлж байна. Уг барилга дөрөвдүгээр байрнаас найм, цахилгааны подстанцаас хоёр метрийн байхаар зураг төсөл нь гарсан байна. Үүнийг эсэргүүцсэн оршин суугчид бүхий л газарт ханджээ.
Уг барилгад бүхий л зөвшөөрөл нь байгаа. Харин тэрхүү нүдэн балай чихэн дүлий байдлаар гарын үсэг зурж байгаа эрхмүүдэд л үүнд буруутай. Оршин суугчдийн тухыг алдагдуулсан энэхүү барилгад зөвшөөрөл өгөөд сууж байгаа хүмүүс бодит байдал ямар байгааг харахад гэмгүй биз. Угтаа бол Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл оршин суугчдийн санал хүсэлт дээр үндэслэн барилга байгууламжийн зөвшөөрөл өгнө хэмээн мэдэгдэж байсан удаатай. Гэтэл тэрбээр юун иргэдийг үгийг сонсож гарын үсэг зурах, өгсөн бичгийнх нь хариуг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна.
Анх ТҮЦ байсан хэдий ч удаа дараа өргөтгөл хийснийхээ дараа иргэн Д.Октябрь өөрийн эзэмшлийнх болгожээ. Үүний дараа тэрбээр нийтийн бие засах газар бүхий үйлчилгээний барилга барих зөвшөөрлийг гаргуулж чаджээ. Уг зөвшөөрлийг өнгөрсөн сарын 25-нд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяа гэгч албан тушаалтан өгчээ.
Үүл даргад хаягласан албан бичгийн хариугаа хүлээж суух зуур барилгын суурь хэдийн тавигдаж, барилга сүндэрлэж байна. Хэдийгээр тус байрны “Чандмань” СӨХ-өөс барилгын ажлаа зогсоо гэсэн албан бичиг өгсөн ч нохой хуцсан чинээ тоохгүй байна. Зөвшөөрлөө авчихсан байхад та хэдийн наад бичиг надад хамаагүй гэсэн байдлаар барилгын ажлын өдөр шөнөгүй хийж байна
Уг нь бол Багшийн дээд Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл гурван нийтийн бие засах газар байгаа. Гэтэл дөрөв дэхийг нь ийнхүү байрны үүдэнд өгсөн байна.
Зөвшөөрөлгүй байсан ч барилгын ажил эхэлсэн л бол түүнийг мянга эсэргүүцээд нэмэргүй гэдэг тогтолцоо манайд байна. Учир нь түүнийг буулгуулах тушаалыг өгч чаддаг зоригтой нэг ч албан тушаалтан байхгүй. Түүний адилаар зөвшөөрлийг нь хүчингүй болгохоос өмнө хэмээн өдөр шөнөгүй ажиллаж байгаа энэ барилгад хэн нэгэн албан тушаалтан анхаарлаа хандуулаач. Сонгууль дөхөхөөр иргэд л гэр бүлээс илүүтэйгээр чухал мэт зан гаргадгаа хэзээ болих юм бэ, эрхмүүдээ. Хэрвээ энэ байдлаа засахгүй бол барилгын хэдэн компаниуд овжиноор ашиглаад байгааг мэдэж байгаа албан тушаалтан байна уу.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ