А.Чингүн: "Норовын намтар"-т гардаг шиг хүүхэд байлаа

УДЭТ “Норовын намтар” хошин жүжгийг хүүхэд багачуудын хүмүүжил мэдлэг оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн 1957 онд зохиосон ”Норовын намтар” бэсрэг найраглалыг шинэчлэн найруулан бичиж ирэх сарын дөрөвний өдөр хүүхэд багачууддаа хүргэхээр боллоо.
Энэ жүжиг монголдоо анх удаа тоглогдож буй үндэсний хэмжээний хүүхдийн сургамжит Драмын жүжиг гэдгээрээ илүү онцлог болж байгаа бөгөөд техникийн хөгжил өдөр ирэх тусам хөгжиж буй өнөө цагт үүнийг дагасан сөрөг үр дагаварууд хүүхдийн хүмүүжилд хэрхэн муугаар нөлөөлж байгааг эцэг эх, багш нарт дамжуулан харуулахыг зорьсонбайна. Жүжгийн гол дүр Норовын дүрд залуу жүжигчин А.Чингүн, харин түүний найз Жимсээгийн дүрд жүжигчин Т.Хулан тогложээ.
А.Чингүн: Бүх Норовуудын төлөөлөл болж байна
-“Норовын намтар” жүжгийн Норовын дүрд тоглохоор болжээ. Дүрийнхээ талаар яриач, энэ дүр хүүхдүүдэд юуг өгүүлэх бол?
-Норовын дүрд тоглох болсондоо үнэхээр баяртай байна. Бид Норовыг үндэсний хэмжээний баатар болгох гэж байгаа юм. Энэ жүжгийн зохиол хоёр жилийн өмнөөс бичигдэж эхэлсэн. Тэр үеэс л манай найруулагч намайг тоглуулна гэж бодоод бичсэн гэсэн.
-Тэгэхээр анхнаасаа чамд зориулагдсан байжээ энэ дүр?
-Харин тийм ээ. Би ч багадаа их сахилагагүй, ер нь Норов шиг хүүхэд байсан даа.(Инээв) Тэгээд л намайг бүр анхнаасаа энэ дүрд тоглуулахаар сонгосон юм билээ.
-Чиний анхны дүр гэж сонслоо?
-Тийм ээ. Миний бие дааж бүтээж байгаа анхны гол дүр. Би 2009 онд СУИС-ийг жүжигчин найруулагч мэргэжлээр төгсөөд Драмын театрт гурав дахь жилдээ ажиллаж байна. Урд нь “Тэмүүжин” жүжигчт туслах дүр бүтээж байсан.
-Та нар энэ жүжгээрээ юу хэлэхийг хүссэн бэ?
-Эцэг эхчүүд ажил гэсээр үр хүүхэддээ анхаарал халамж тавихаа больчихсон, хүүхдүүд хайр халамжаар дутагддаг болсон энэ үед хүүхдүүд PC тоглоомын газар донтдог, хичээл номоо умартдаг. Тэрнээсшалтгаалаад олон сөрөг үзэгдэл бий болж байгааг хүүхэд, эцэг эхчүүдэд ойлгуулахыг л зорьж байна. Монголд байгаа бүх “Норов”-чуудын төлөөлөл болоод энэхүү тайзан дээр зогсож байна даа.
-Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө юу байна?
-Мэдээж хийх ажил их байгаа. Бодсон санасан зүйлүүд их байна. Тэр болгоныг та бүхэнд тухайн үед нь хүргэж байх болно.
-Энэ жүжгийн хэр хугацаанд бэлдэв?
-Гуравдугаар сараас бэлтгэлээ хийж эхэлсэн. Тэгээд зургаадугаар сарын нэгэнд үзэгчдийн хүртээл болгох байсан боловч тодорхой шалтгааны улмаас хойшилж, есдүгээр сарын дөрөвнөөс анхны тоглолтоо хийх гэж байна.
-Норовын дүрийг гаргах гэж хэр их зүтгэл гаргав. Хэцүү байсан уу?
-Хэцүү үедээ хэц үү л байлаа. Гэхдээ энэ том мундаг жүжигчидтэйгээ хамт тоглож байгаа болохоор их зүйл сурсан. Туршлага ч хуримтлуулж чадлаа.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ