Ч.Ганжавхлан: Заазуурдуулсан хүү төрсөн эцэгтээ өс санаад явахгүй байх

Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд хүүгээ заазуурдаж гэмтээсэн Н.Довжинсүрэн гэгчийн шүүх хурал болж өндөрлөлөө. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3, 100.1-т зааснаар буруутган шүүж Баянзүрх дүүргийн шүүхээс 7 жил 6 сарын ял оноолоо. Тэгвэл хурлын шийдвэрийн талаар“Лантуун дохио” бүлгэмийн тэргүүн Ч.Ганжавхлангаас тодруулсан юм.

-Шүүх хурлын шийдвэрт сэтгэл хангалуун байна уу?

-Тийм ээ. Зүйл ангийнхаа дагуу авах ёстой ялаа авлаа. Эрүүгийн хуулийн 180.3, 100.1 гэсэн зүйл ангиар зэвсэг буюу зэвсгийн чанартай зүйлээр хүнд гэмтэл учруулсан байнгын тарчлаан зовоосон эдгээр зүйл ангиудаар 7,9 жил ял авах ёстой байдаг. Шүүхээс 7.6 жилийн ял оноолоо.100.1 буюу байнгын тарчлаан зовоосон гэдэг зүйл анги маш чухал. Энэ бол манай Монголд хэр баргийн шийдэгддэгүй мөртлөө байнга нийтлэг болж байдаг хэрэг. Хүүхдээ, эхнэрээ зодож байдаг хүмүүс ял сонсдоггүй.

-Тэгэхээр өөрийн чин хэлж буйгаар урьд нь ийм хэрэг гарч байсан ч шүүхээр таслагддаг нь цөөхөн гэсэн үг үү?

-Анхных гэж хэлж болохгүй ч их ховор шийдэгддэг. Учир нь манай улсад гэр бүлийн хүчирхийллийг ахуйн шинжтэй хэрэг гэж үзээд хоорондоо зохиц гэсэн байдлаар ханддаг.Хүмүүс ер нь эхнэр, хүүхдээ зодохыг гэмт хэрэг гэж ойлгодоггүй, гэр бүлийн асуудал гэж боддог болсон. Гэтэл байнгын тарчлаан зовоож, удаа дараа зодвол энэ чин ял авдаг гэмт хэрэг юм байна гэдгийн жишээ энэ хэрэг юм. Энэ хүүгийн хэрэг бол хэдэн зуун монгол хүүхдийг төлөөлж байгаа. Хүүхдээ зодсон, эхнэрээ зодсон хүн ийм ял авдаг гэдгийг харууллаа.

-Хүүгийн биеийн байдал хэр байна?

-Хүүгийн биеийн байдал сайжирсан байгаа. Хүүхдийн бүх шарх сорви нь эдгэсэн өнөөдөр эмээгийндээ ээж, дүү нартайгаа сайхан амьдарч байна. Ээж нь “Жигүүр гранд” грүппт ажилд орсон. Тиймээс хүүгийн хувьд ямар нэг асуудал алга.

-Хүүгийн болоод ар гэрийнхнийх нь сэтгэл санаа ямар байна вэ?

-Хүүгийн хувьд хүүхэд л болохоор цайлган, өмнөх хар бараан дурсамжаа бодож шаналах нь бага. Мэдээж төрсөн эцэгтээ өс санаад явахгүй нь лавтай. Гэхдээ энэ бүхэн шарх болоод үлдэж байгаа.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ