Ц.Дэлгэрмаа “Зоос” банкнаас залилан хийгээгүй гэв

2000 оны эхэн үед охид залуусыг байлдан дагуулж байсан “Уруулын будаг” хамтлагийн Ц.Дэлгэрмаа буюу Дээгийг ЦЕГ-аас эрэн сурвалжилж байна гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан. Тодруулбал, ЦЕГ-ын цахим мэдээллийн хуудаст эрэн сурвалжилж байгаа иргэдийн мэдээлэлд Дээгийгийн зураг болон мэдээлэл нийтлэгдсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг “Зоос” банкнаас их хэмжээний мөнгө залилсан хэргээр эрэн сурвалжилж байгаа хэмээн бичиж байсан. Тэгвэл Ц.Дэлгэрмаа БНСУ-д амьдраад найман жил болж байгаа бөгөөд Инчон их сургуульд урлагийн чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа гэнэ. Тэрбээр энэ мэдээллийг үгүйсгэж, "“Зоос” банкнаас ямар ч мөнгө залилаагүй. Монголд байсан бол учрыг нь олох байлаа. Даанч тийм боломж алга. Би бол эрэн сурвалжлагдаад байх хүн биш. Монголын урлаг соёлын олон хүн надтай ирж уулздаг, тэд намайг хаана, юу хийж явааг минь их сайн мэднэ. Би энд ажиллахын зэрэгцээ орчуулагч хийдэг. Тэр утгаараа олон хүнтэй уулздаг. Ийм мэдээлэл тархсанд үнэхээр их гайхаж байна." хэмээжээ. Ийнхүү үгүйсгэж байгаа ч түүнийг эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлэл ЦЕГ-ын цахим мэдээллийн хуудаст 2011 оноос хойш байгаа юм билээ. Цагдаагийн ерөнхий газрын эх сурвалж ч үүнийг баталж буй юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ