Монголын залуусын сэтгэл хоосорчээ

Монголыг залуусын орон гэдэг. Үнэн л дээ. Хүн амынх нь талаас илүү хувь нь 40 хүртэлх насныхан юм чинь. Залуусын орны залуусын амьдрал ямар байна вэ гэдэг харин сонин. Зарим нэг судалгааны дүн харвал аймшигтай санагдана. Тухайн судалгаанд хамрагдсан залуусын хүрээ тохиолдлоор тэгж таарсан байж болох. Нэг сонин судалгааны дүнг хальт харъя.

Гучаас гучин таван насны залуус дотор архи согтотлоо ууж үзээгүй эр байтугай эм хүн алга.Мөн насны хоёр эрийн нэг, гурван эмэгтэйн нэг тамхи ямар нэг хэмжээгээр татдаг гэжээ. Гутрахаараа татдаг гэсэн хариулт ч харагдана. Өсвөр насныханд бүр ч аюултай дүн гарчээ. Биднийхойч үе, ирээдүй болсон охид, хөвгүүд бүгд л ууж, татаж үзсэн тухайгаа өгүүлжээ. Охидын тамхидалт өдрөөр өсч буйг ч дурджээ. Үүнийг батлах баримт бэлхнээ байна. Дампуурдагтаа тулаад байсан баар, ресторан, караоке, паб, буудлууд сэргэжээ. Орлого нь суга өсөж, цаашид ч нэмэгдэх нь тодорхой болжээ. Баараа болиод өөр зүйл хийх гэж байсан газрууд буцаагаад сэргээжээ. Учир нь оюутнууд ирсэн байна.

Гаргалгаа нь ердөө л энэ. Үдшийн цагаар аяга халуун кофе уухаар дээрх газруудын аль нэгээр хальт шагайхад суух зай ч алга болжээ. Ширээ дүүрэн архи, шар айраг өрсөн, гадаа нь хэсэг бусгаараа тамхилсан охид, хөвгүүд. Сурдаг сургууль тэдэнд байдаг л байх. Очдог болов уу яадаг бол. Бусад залуусын хувьд ч хүндхэн л байна даа. “Нарантуул” зах шатсаныг сонсоогүй, Н.Энхбаярын суллагдсаныг дуулаагүй залуус захаас аван тааралдана. Тэд өдөр тутмын сонин уншдаггүй нь мэдээж. Гэхдээ л мэдээллийн зууны залуус ядаж “FM” радио хальт сонсож, зурагтын олон сувгийн аль нэгийнх нь оройн мэдээг гүйлгэн харж, үгүй дээ л захын нэг интернэт рүү шагайн ганц, хоёр сайтын мэдээ гүйлгээд харчихаж болдоггүй л юм байх даа. Интернэт уг нь залуусаар дүүрэн л харагдах юм. Тоглохоос өөрийг хийдэггүй бололтой.

Ажил олдохгүй болохоор залуус архидан мансуурч, гадуур тэнэж, тоглож наадахаас аргагүй болдгийг үгүйсгэхгүй.Гэхдээ залуус жаахан арчаатай баймаар санагдана. Өөрийгөө гэхгүй бол өөр хэн тэднийг гэхэв дээ. Монголын залуусын сэтгэл хоосорчээ. Сэтгэл хоосрохоос илүү ядуурал байхгүй л болов уу. Эх орон ядуу нь энэтэй холбоотой ч байж болох юм.

Г.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ