Хадгаламж эзэмшигчид мөнгөө татсаар байна

Долдугаар сарын 19-ний өдөр “Жаст” групп “Хадгаламж” банкийг “Оюуны ундраа” компанид худалдах гэж байна гэсэн мэдээ тархсаны дараа хадгаламж эзэмшигчид мөнгөө тус банкнаас татаж эхэлсэн.

Энэ нь банкны салбарт аюулын харанга дэлдэж, маргааш нь амралтын өдрийг эс хайхран Монголбанкнаас эрх бүхий хүмүүсийг дуудан хоёр өдөр дараалан хуралдсан. Ингээд төрөөс 100 тэрбум төгрөг гаргаж, “Хадгаламж” банкийг Төрийн банкинд яаруу сандруу нэгтгэж орхисон билээ.

Гэвч өмнө нь “Монгол шуудан”, “Зоос” банкийг залгиж орхисон, орон даяар 400 гаруй салбартай “Хадгаламж” банкийг “Төрийн банкинд нэгтгэсэн нь “Анод”-ын шарх аньж гүйцээгүй хадгаламж эзэмшигчдийн хувьд тайвшрах шалтгаан биш байлаа.

Монголд хамгийн олон хадгаламж эзэмшигчтэй энэ банкнаас иргэд өдөрт дунджаар 500 сая төгрөгөө татаж эхэлсэн цувраа одоо ч үргэлжилсээр байна.

Харин хоёр банкныхан дүлий дүмбэ оргиж, цаагуураа хадгаламж эзэмшигчдэд “Тайван амгалан бай” хэмээн итгүүлэхийг оролдсоор.

Сүүлийн үед “Голомт” банк донсолж, “ХААН” банк иргэдийн итгэлийг мэр сэр алдах болсон нь иргэдэд мөнгөө гар дээрээ хадгалахаас илүү найдвартай юм үгүй бололтой гэсэн ойлголт төрүүлж эхлэв.

Мэдээж асар их мөнгөтэй тэрбумтнууд зүс хувиргасан ногооноо гадаадын банкинд хадгалуулдаг болсон нь эрхэм гишүүн С.Баярцогтоос эхлээд энүүхэнд.

Баячууд ядарсан ах дүү нартаа байр авч өгөөд хананд нь сейф суулгаж, мөнгөө нуугаад наанаас нь шавардаж, хүүхэд шуухад бужигнасан нэг муу умгар өрөө болгох болжээ.

Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар шиг нууц хүүгийнхээ найз охинд баригдаж балрахгүй бол.

Одоо хуучин “Хадгаламж” банкны хадгаламжийн мөнгө өмнөхөөсөө 50 хувь дундарчээ. Хожуу мэдээлэл авсан хөдөөнийхөн наадмын дараа “Хүргэн хүү” киноны Жамц баян шиг авдрандаа хадгалж эхэлсэн байна.

Энэ нь цаагуураа Төрийн банкны сан дундарч байгаа хэрэг. Ер нь төрийн банкийг тамирдуулж байгаад хямдхан хувьчилж авах нууцхан санаархал ч далдуур амилж байгаа гэсэн.

Ийм явдал манай томчуудын дунд гэм биш зан, гэнэт биш хууч болсон нь нууц биш. Төрийн банк ч тэр жамаар тэгсхийгээд төрөл арилжих бололтой гэж учир мэдэх хүмүүс шивэр авир хийж эхлэв.

Ямар ч байсан “Хадгаламж” банкны асуудал УИХ-ын намрын чуулганы халуухан сэдвийн нэг байх болно.

Хадгаламж эзэмшигчид өнөөдөр ч Төрийн банкнаас хадгаламжаа татсаар байна. Эх сурвалжийн мэдээллээр энэ тоо өдөрт хагас тэрбум төгрөгт хүрэх нь ч бий ажээ.

Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ