Үл мэдэгдэх бодис авч явсан казах эрийг саатууллаа

Биедээ үл мэдэгдэх бодис авч явсан зорчигчийг өнгөрсөн бямба гаригт хууль, хяналтын байгууллагынхан саатуулжээ. Тэрбээр Казахстаны иргэн бөгөөд манай улсад нислэгээр ирсэн байна. Онгоцноос буухад нь Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид түүнийг эрсдэл тооцон шалгажээ. Учир нь, зорчигчийн нүдний хүүхэн хараа томорч гөлийсөн байдалтай байсан бөгөөд нүүр хүзүү нь улайсан, маш их хөлөрсөн байжээ. Иймээс казах эрийг тусгаарлах өрөөнд шалгаж, авч явсан тээш, хувцасыг нь шалгасан байна. Ингэснээр биедээ авч явсан 200 гр орчим үл мэдэгдэх бодисыг мансууруулах төрлийн бодис байж болзошгүй хэмээн хураан авч, зорчигчийг саатуулжээ. Бодисыг ГЕГ-ын Гаалийн төв лабораторид шинжилгээнд өгсөн бөгөөд өчигдрийн байдлаар дүгнэлт гараагүй байлаа. ГЕГ-ын эх сурвалжаас тодруулахад “Өмнө нь гаалийнхны хар тамхи хэмээн хурааж авсан бодисыг шинжилгээнд өгөхөд угаалгын нунтаг байсан тохиолдол бий. Ийм учраас шууд мансууруулах төрлийн бодис гэж хэлэх боломжгүй байдаг. Лабораторийн шинжилгээний дүгнэлт албан ёсоор гарсны дараа мэдээлэл өгөхөд хаалтгүй” гэв.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ