“Эдкс” ХХК төсвийн мөнгөнөөс олон жил шамшигдуулж байжээ

Төрийн мөнгөнөөс хэдэн сая ам.доллар шамшигдууллаа хэмээн энд тэндхийн хэвлэлээр байнга л гарч байсан. Зарим нь бүр насаараа идээд ч барахгүй тийм их мөнгө угаасан байдаг. Төр түшилцэж байгаа хэдэн нөхөд нь ийнхүү жирийн ардын толгойд бодогдож байгаагүй мөнгийг юман чинээ бодохгүй халаасалж суухад тэдний доорх хурган дарга нар нь мөн л ийм хууль бус үйлдэл гаргадаг. Гэтэл тэдэнд хуулийн ямар ч хариуцлага оноодоггүй нь хачирхалтай. Гэтэл түүн лүгээ нэгэн хорооны халуун, хүйтэн уснаас хууль бусаар авч, бизнесээ явуулж байгаа байгууллага байна.

Түүний нэг бол Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын цогцолбор барилгаас “Эдкс” хими цэвэрлэгээний газар хулгайгаар халуун, хүйтэн усаа авч байсан явдал юм. Уг цогцолбор барилга 2007 онд ашиглалтад орсон бөгөөд түүнээс хойш энэ хууль бус үйл ажиллагаа үргэлжилсэн байх магадлалтай аж. Нэг байгууллагын халуун, хүйтэн усны хэрэглээний зардал сардаа 500 мянган төгрөгөөс буудаггүй бөгөөд энэ их мөнгийг сар бүр төрөөс өгдөг. Гэвч ийнхүү сар бүр ийм их мөнгө гаргадаг боловч цаана нь 3-4 сая төгрөгийн өр заавал үлддэг гэсэн юм. Тус хорооны Засаг даргын үед энэ асуудал үүссэн хийгээд хэн ч мэддэггүй бөгөөд санхүүгийнхан ч энэ их мөнгө хаанаас хэрхэн гараад байгааг анхаарч байгаагүй аж. Нэхэмжилсэн мөнгийг нь чимээгүйхэн төлөөд явдаг байжээ.

Төсвийн мөнгө хүрэлцэхгүй байна хэмээн цомхотгол ярьж суухаар энэ мэтийн хууль бус үйлдлүүдийг таслан зогсоовол төсөвт ч, түмэн олонд ч хэрэгтэй.

Ч.Дүүриймаа: Дөрвөн сая гаруй төгрөгийн өртэй

Баянзүрх дүүргийн VII хорооны Засаг дарга Ч.Дүүриймаагаас энэ талаар тодруулсан юм.

-Энэ талаар та хэзээнээс мэдсэн бэ?

-Би энэ ажлыг энэ оны нэгдүгээр сард авсан. Ажлаа аваад арав хүрэхгүй хонож байтал “Дэнж найрамдал өргөө”-өөс дулаан, цахилгаан, усны төлбөрийн баримт ирсэн. Дөрвөн сая гаруй төгрөгийн өртэй хэмээн мэдэгджээ. Гэтэл ганцхан тосгууртай, дөрвөн хүн сард яагаад 500 гаруй мянган төгрөгийн ус, цахилгаан хэрэглэх болов. Ингээд шалгалт хийхэд манай дулаан, уснаас хажуу талын “Эдкс” хими цэвэрлэгээний газар хууль бусаар авдаг байж. “Эдкс” хими цэвэрлэгээний газар 2006 оны намар ашиглалтад орсон. Тухайн үед дүүргийн Засаг даргаар Э.Мөнх-Очир, хорооны Засаг даргаар Мядагмаа гэж хүн ажиллаж байсан юм.

-Энэ байдлаас үүдэн танай байгууллагад ямар нэгэн хохирол учирсан уу. Хэрхэн шийдүүлэх гэж байна вэ?

-Би энэ талаар мэдсэн даруйдаа холбогдох байгууллагуудад албан тоот өгсөн. Манай ажилчид ч хэлсэн. Өмнө нь ч манай байгууллага тогтмол 3-4 сая төгрөгийн өртэй байсан гэсэн. Гэтэл энэхүү өрийг нь сар бүр төрөөс төлж байж. Үүнээс болоод манай нэг цэгийн үйлчилгээний байрны подвальд их хэмжээний ус алдснаас үүдэн мөөгөнцөртсөн. Энэ нь хэт ачааллаас ийнхүү их хэмжээний ус алдахад хүргэсэн хэмээн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан даа.

-“Эдкс” хими цэвэрлэгээний газар хэний эзэмшлийнх юм бэ?

-Энэхүү газрын эзнийг нь олох гэж олон сар болсон. Хэнийх гэдэг нь тодорхой бус байсан. Гэвч иргэн Эрдэнийн өмч болох нь тогтоогдсон. Тухайн иргэнтэй ч уулзсан. Энэхүү объёктоо зарах гэж байгаа гэсэн юм. Гэхдээ өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа зогсоосон.

Энэ талаар хууль хяналтын байгууллагад хандсан бөгөөд одоогоор хариу нь гараагүй байгаа аж.

Зарим хүн өөрийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж төрийн эрх ашгийг уландаа гишгэж байгаагийн ганц тохиолдол энэ биш юм. Энэ мэтчилэн зөвхөн хар амиа бодсон хууль бус үйлдлүүд цөөнгүй тодорхой юм. Хууль хяналтын байгууллагынхан эдгээр асуудалд анхаарлаа хандуулж, зохих хариуцлагыг нь оноох ёстой.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ