Ийм байхад хавдраар үхэлгүй ч яахав

Хүн төрөлхтний тоо толгойг баттай цөөлдөг цөөхөн өвчний бараг тэргүүнд хорт хавдар явсаар энэ зууны босго давлаа. Эмчилсэн хүнд “Алтан хөшөө босгоно” хэмээн амлаад ч нэмэр болсонгүй. Олны хүч оломгүй далай гэгчээр олон зууны турш тэмцсээр овоо амжилт олсон нь үнэн.

ДЭМБ-ын үзэж байгаагаар хорт хавдрыг ялах цаг тун ойртсон бололтой. Зарим талаар ялж байгаа ч гэх. Үнэний хувь бий л дээ. Манайхаас бусад оронд иргэд нь байнга үзлэгт ордог, эмч мэргэжилтнүүд нь эрт оношилдог, эмчилгээг цаг алдалгүй хийдэг гээд давуу тал бий.

Хорт хавдрын хэдэн шат байдаг юм байна. Эхэлж байхад нь илрүүлээд, хоёроос доош үед нь мэс засал хийвэл төгс эмчилж болдог нь нэгэнт нотлогдсон билээ. Үүнийг л ялалт гээд байгаа юм. Манайд хэрхдэг тухай хэдэн үг хэлье.

Бусдаас уг нь дутахааргүй ХСҮТ хэмээх тусгай эмнэлэгтэй орон. Өмнө нь Цацраг туяа эмнэлэг гэдэг байсан юм. Очсон болгон л үхдэг газар тул тэнд хэвт гэх юм бол тэгээд л дуусаа гэсэн үг. Тэгтэл туяа эмчилгээний аппараттай болсноор бараг эргэлт гарсан гэхэд болно.

Наяад онд ганц сайхан багажтай болсон нь амжилт авчирсан билээ. Тэгэхэд хүн ам цөөн, ганц “дайчин” ганцаарддаггүй байж. Хамгийн хачирхалтай нь бараг дөчин жил болж, хүн ам гурван сая хүрчихээд байхад өнөө аппарат нь өнчнөөрөө л байдаг. Бас болоогүй байн байн эвдрэхийг нь яана. Үүнд багаж буруугүй нь мэдээж.

Мэс засал хийх боломжгүй өвчтөний хавдрыг туяагаар шарж, өсөлтийг нь зогсоосноор хэдэн жилийн нас бэлэглэдэг буянтай эд л дээ, уг нь. Тэр төхөөрөмжийн ээлжит эвдрэл энэ хавар тохиосноор олон өвчтөн нас уртсах боломжоо алдлаа.

Жилд 600 хүн эмчлэх хүчин чадалтайг эмч нь ярив. Тэгтэл ийм эмчилгээ хийлгэх хүний тоо жилд 2000 хүрдэг болжээ. Аппарат уржигдархан ашиглалтад оржээ. Удахгүй дахиад л гацах биз. Шинэчилж яагаад болдоггүй юм бол.

“Хань” олддоггүй юм болов уу гээд олон асуулт гарах нь ойлгомжтой. Нэг тийм аппарат 80 сая төгрөг юм гэсэн. Нэг л авилгачийн халааснаас гарах мөнгө биш үү. Манай төр ч ёстой арчаагаа алджээ гэхээс өөр үг олдсонгүй.

Ядуурна, ядуурна гэхэд ингэтлээ туйлдмааргүй санагдана. Яаж ч бодсон төрийн бодлоготой холбогдохоос зайлбаргүй л дээ. Ийм байхад хавдраар үхэлгүй ч яахав.

Г.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ