Жуулчны гудамжинд сонирхох зүйл огт алга

“Урт цагаан” нэртэй, одоо бол богинохон цагаан байшингийн өмнөх жижигхэн талбайд өчигдөр өдөр очлоо. Албан ёсоор сурвалжлах гэсэнгүй, алхах замд таарахаар нь ажсан хэрэг. “Урт цагаан”-ыг одоо янз янзаар л ярьж буй. Гучин компани эзэмшдэг, тэд цааш нь дамжуулан түрээсэлдэг. Нэг муу умгар өрөөг 500 мянган төгрөгөөр түрээсэлдэг тухай яригдаж байсан. Гэтэл Төрийн өмчит компани гээд байдаг. Мөн хачин аа. За тэр ч яахав. Төрийнхний мэдэх асуудал байх. Маньд ямар падлий байх билээ. Түүн дотор байхгүй юм байхгүй. Архины дэлгүүр, баар, алт, мөнгөний дархан, оёдлын цех, ломбард, хуушуурын гуанз, хувцас засвар, тоглоомын клуб, биллъярд, эмэгтэй, эрэгтэй, хүүхдийн хувцасны лангуу гээд л яваад байна даа. Төгсөхгүй ээ. Харин түүний өмнөх бяцхан талбайг “Жуулчны гудамж” хэмээн хэдэн жилийн өмнө их л сүр дуулиантай зассан билээ. Бодвол жуулчдыг татах газар болгох гэсэн юм байгаа биз. Би жуулчин байя гэж бодъё гэх хөгжилтэй бодол төрөв. Учир нь, юу үзэж, харах болж байна вэ, энд. Эргэн тойрноо хамт харъя. Миний дэргэд нэг цэнхэр “асар” байх. Шагайвал, айраг, адууны мах зардаг юмсанж. Монгол үндэсний хоол гээд амсаж орхилоо гэж бодъё. Гарлаа. Хажууханд нь сонин борлуулах цэг харагдана. Түүний юуг нь сонирхох билээ. Монгол сонин, сэтгүүл сөхөж хардаг барууны, аль ч орны жуулчин байхгүй дээ. Нэлээд цаана бас нэг бөмбөгөр “юм” байна. Дөхөөд очвол, хуучин номын дэлгүүр гэх. Түүгээр хэн орох вэ дээ. Шагайх ч хүн гарахгүй. Санамсаргүй орчихвол бариулах дөхнө дөө. Гүйлдэж ирээд шавчихна. “Зарах ном байна уу” гэдэг ганцхан асуулттай гэж байгаа. Амьд салвал их юм. “Урт цагаан”, Жуулчны гудамж хоёрыг холбосон уртхан таславч, эсвэл хашлага ч гэсэн болно. Түүн дээр суух нь сууж, хэвтэх ч хэвтэж, бүр унтаж ч байх шиг. За тэгээд жинхэнэ завхарсан юман дотор орчихно доо. Тэр нь “Өвгөнт”-ийн архичид. Хэрэлдсэн, хашгичсан, зодолдсон, бас дуулсан. Тэд гадныхны нүдийг хужирлахаас илүү, залхаах л байх даа. Харин сонин байдаг ч юм болов уу, хэн мэдлээ. Гуйлгачид гэж бас нэг цөөн нөхөд холхилдоно. Юу ч хамаагүй гуйна даа. Татаж байсан тамхийг бол баараггүй салгана. Эцэст хэлэхэд, Жуулчны гудамжинд сонирхох зүйл огт алга даа. Жуулчин байтугай маньд ч адил.

Г.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ