“Энэрэнгүй сэтгэл” гэчихээд энэрэлгүй загнажээ

Нэрнээс нь эмнэлэг гэдгийг ойлгосон биз. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутагт орших өрхийн эмнэлэг л дээ. Даргыг нь н.Энхтуул гэдэг юм байна. Уг нь жирийн л нэг өрхийн эмнэлэг. Нэр нь даанч сайхан. Манайд нэг хачин юм байх. Өрхийн эмнэлгүүдийг тусгайд нь холбоотой, бараг хагас компанийн зохион байгуулалттай болгосон атлаа, хөрөнгийг нь төсвөөс гаргадгийг хэлэв. Өрхийн эмнэлгийн эрхлэгчийг захирлын статустай болгожээ. Эндээс олон зөрчил гарах нь тодорхой. Зохион байгуулалт, ажлын арга барил нь компанийн зарчмаар явна. Цалингаа харин төрөөс авчихна. Эмнэлгийн эрхлэгч биш компанийн захирлын тушаалаар бүгд шийдэгдэнэ гэсэн үг. Хамт олны шийдвэр чухал биш захирлын шийдвэр гол нь. Гэхдээ одоо өгүүлэх зүйл өөр юм. ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалтын албаны илрүүлэлтээр сүрьеэтэй нь тогтоогдсон өвчтөнүүд дүүргийнхээ харьяаллаар дээрх эмнэлгээр үйлчлүүлдэг ажээ. Эмчилгээ хагас жил үргэлжлэх агаад, энэ хугацаанд өвчтөнүүдэд эмийг нь тогтмол уулган, өдрийн хоолоор даруулдаг учиртай. Эмийг нь ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн албанаас, хоолыг нь “Дэлхийн зөн”-гөөс гаргадаг уламжлалтай. Энэ нь ерээд оны дунд үеэс эхэлжээ. Гэтэл дээрх эмнэлгийн удирдлага өвчтөнүүдийн хоолноос хумсалж байжээ. Хоолнй орц, тухайлбал, махыг нэг хүнд өдөрт 200 граммаар бодож олгодог байж. Гэтэл талаар нь хоол хийсээр иржээ. Энэ байдлыг баттай баримтаар мэдсэн тус эмнэлгийн эмч С.Гантогоо удирдлагадаа шаардлага тавьсан байна. Ингэснээр түүнийг ажлаас нь халжээ. Халагдсан эмч бүх баримтыг нэгтгээд, даргаа Чингэлтэй дүүргийн шүүхэд өгчээ. Бөөн маргаан дэгдэнэ биз дээ. Дарга, цэрэг хоёр маргасаар мөн л хагас жилийн нүүр үзэж байгаа юм. Дарга, цэргийн маргаан ч яахав нэг тийш болох нь тодорхой. Завсарт нь хохирсон, хохирсоор байгаа сүрьеэтэй өвчтөнүүд л хөөрхийлөлтэй байна даа. Нөгөө, хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэдэг шиг. Хүчтэй эм ууж буй хүмүүст илчлэг нь таарсан хоол өгөх ёстой нь мэдээж шүү дээ. Талыг нь долоосон өвчтөнүүд яадаг юм бол доо. Н.Энхтуул эмчийн бас нэг дутагдал нь орон тоо байсаар атал залуу эмч авдаггүй. Өөртэй нь ялимгүй зөрөлдсөн хэнийг ч шууд халдаг гээд л... “Энэрэнгүй сэтгэл” гэчихээд энэрэлгүй загнасан эмнэлгийн даргаариймэрхүү сонинтой.

Г.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ