Нийслэлд 22 000 зургаан настай хүүхдүүд 1-р ангид элсэн орлоо

Монгол орон даяар Ерөнхий боловсролын сургуулиуд 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 22 000 зургаан настай хүүхдүүд ЕБС-д элсэн орж байгаа бөгөөд нийслэлийн Засаг дарга 280 бяцхан сурагчдад сурлагын өндөр амжилт хүсэн, хичээлийн хэрэгсэл бэлэглэж байгаа юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга өнөөдөр БЗД-ийн Улсын тэргүүний 84-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, багш, сурагч, эцэг эхчүүдэд баярын мэнд хүргэлээ. Энэ үеэр тус сургуулийн 1-р ангийн сурагчдад нийслэлийн Засаг даргын бэлгийг гардуулсан. БЗД-ийн Улсын тэргүүний 84-р сургууль нь Монголын анхны цахим сургууль гэдгээрээ онцлогтой бөгөөд энэ хичээлийн жилд тус сургуульд 2980 сурагч суралцаж, 160 багш нар ажиллах юм. Харин нийслэлийн удирдлагуудын төлөөлөл Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа БГД-ийн Эрдмийн Өргөө цогцолбор сургууль, Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр СХД-ийн Ирээдүй цогцолбор сургууль, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл БЗД-ийн Шавь цогцолборсургууль, Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал хариуцсан орлогч Ц.Буяндалай ХУД-ийн Буянт-Ухаа цогцолбор сургуулийн нээлтэнд оролцож нийт багш, сурагч, эцэг эхчүүдэд баярын мэнд хүргэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ