А вирусын шар айсуй

Халдварт шар гэдэг өвчнийг монголчууд сайн мэднэ. Элэгний эд эсийг гэмтээдэг эл эмгэгийг олон төрлийн вирус үүсгэдэг билээ.

Үүсгэгчийг нь англи цагаан толгойн үсгийн дарааллаар нэрлэвэл А, В, С, Д, Е, F гээд л яваад байна. Зарим эрдэмтэн, вирусыг цаашид ч нээх бөгөөд цагаан толгойн үсэг үл хүрэлцэнэ гэсэн нь буй. Ямартай ч маш олон төрлийн вирус үүсгэдэг гэсэн санаа юм.

Хүн төрөлхтний хувьд хамгийн түрүүнд нээсэн нь мэдээж А вирусын шар байж таарна. Монголчууд түүнийг “бохир гарын шар” хэмээн чухам л онож нэрлэсэн байдаг. Бохир гараар дамждаг нь тодорхой тул тэгээ биз.

Бусад шараасаа арай ээлтэй гэдэг юм шүү. Өөрөөр хэлбэл, эдгэрэх нь амархан, урхаг багатай, элгийг цаашид нэг их сүйтгээд байдаггүй гэсэн үг. Гэхдээ л ямар сайн байх вэ. Хавь ойрынхонд халдах нь амархан. Нэг дор олон хүн өвчлүүлдэг онцлогтойгоос тэр л дээ.

Бас нэг өвөрмөц гэхээр зүйл нь голдуу бага насныхан, тэр дундаа 15 хүртэл насныхан өртөөд байдаг гэмтэй. Гэхдээ 0-7 насныхан түлхүү өвчилдөг.

Хүүхдийн дархлааг унагадаг, тамир тэнхээг нь бардаг өвчин. Цөөхөн онцгой шинжтэй. Энэ өвчин туссан хүүхэд их ядрамтгай болно. Нозойрсон байдалтай, сав л хийвэл түрүүлгээ харж хэвтээд байдаг.

Шээс нь өтгөн шар, өтгөн нь цагаан шаргалдуу гараад эхэлбэл онош тавчихаж болно. Эмчилгээ нэг их төвөгтэй биш. Вирусыг гаргах чигийн эмчилгээ хийдэг юм. Цэцэрлэг, сургуулийн бүхэл бүтэн нэг ангийнхан өвдөж байсан тохиолдол ч буй гэх.

Ийм л халдвар байгаа юм. Энэ өвчин намар буюу есөөс аравдугаар сард дэлгэрдэг бараг уламжлалтай. Улирлын чанартай эмгэг ч гэдэг.

Дэгдэлттэй халдвар ч гэх нь бий. Өнгөрсөн жил нэгээс хоёр настай хүүхдүүдийг вакцинжуулсны үр дүнг энэ сард харах цаг иржээ.

ДЭМБ-аас тараасан вакцин тул итгэл өндөр нь мэдээж. Энэ удаагийн вакцины товлолоор 0-15 хүртэлх насны бүх хүүхдийг дархлаажуулах шийд гарчээ. Хамгийн зөв, үр дүнтэй шийдвэр гэдэгтэй маргах аргагүй юм.

В вирусын шарын эсрэг вакциныг манай эрдэмтэд өөрсдөө гаргасан нь үр дүнгээ өгч байгаа билээ. Ийнхүү сэргийлэх тарилгын ачаар ядаж хоёр төрлийн шараас ангижирч орхивол их л юм хожино доо. Цэцэрлэг, сургуулийн удирдлагууд, багш, эмч нар онцгой анхаарахад болохгүй нь юу байхав.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ