Аварга тосонгийн эмчилгээний хануур хорхой устжээ

Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд “Аварга тосон” гэх алдарт рашаан буй. Өнгөрсөн зууны далаад онд нэгдэл дундын сувилал нэртэй байгуулагдсан уг рашаан сувилал одоо улсын чанартай болсон гэхэд хилсдэхгүй.
Харин тэр хэрээр экологи нь алдагдах болжээ. Хүүхэд, дотор, зүрх судас, эмэгтэйчүүд, арьсны болон үе мөчний эмгэг гээд олон өвчинд тустайг нь тухайн үеийн ЭХЯ-наас гаргасан судалгааны баг тогтоосон байдаг.
Бас нэг өвөрмөц чанар нь цусны даралт бууруулах юм. Ийм рашаан дэлхийд маш ховор гэнэ билээ. Рашааны өнөөгийн байдлыг авч үзье. Хар шаврыг нь рашаанд орогчдын биед түрхээд нуурын усанд оруулдаг. Энэ нь рашааны усны найрлагыг ихэд өөрчлөх болсон байна.
Эмчилгээний үр дүнгүй болж байгаа хэрэг. Нууран дахь эмчилгээний хануур хорхой, загас бүрэн устжээ. Хамгийн аюултай үзэгдэл болох нь тодорхой. Эцэг, эхчүүд бага насны хүүхдээ оруулдаг болсон нь бүр ч аюултай юм. Нэгээс хоёр настай хүүхэд оруулж болохгүй гэсэн заалт ийнхүү зөрчигдөх болсон нь харамсалтай.
Рашаанд ороод эрүүлжих биш, харин ч өвчилнө гэсэн үг. Эрүүл ахуй, халдвар судлалын хяналт нь бүрэн алдагджээ. Амрагсад нуурын эрэгт майхан барин хоноглох болсон, хуушуурын гэр цэгүүд олширсон нь ийм байдалд хүргэж байгаа нь тодорхой.
Хогонд дарагдаж гүйцсэн гэх. Хамгийн осолтой зүйлийн нэг гарцаагүй энэ. Хогтой газар байгалийн тэнцвэр алдагддаг нь нэгэнт тогтоогдсон зүйл билээ. Рашаанд орсон хүмүүст ямаа, тэмээний мах зохимжгүй нь ойлгомжтой ч, хуушуурын цэгүүд түүгээр хоол хийж буй нь тодорхой. Халуун чанарын хоол идэх ёстойг ч судалгаагаар тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, адуу, хонь, үхрийн мах хэрэглэх ёстой атал горим нь ийнхүү алдагджээ.
Будаатай буюу сэрүүн чанарын хоол бүр ч хориотой. Гэтэл цагаан будаатай хоолоор амрагч, сувилуулагчдыг дайлах болжээ. Өнөөгийн залуус тэр талаар ямарч ойлголтгүйгээс гадна, рашааны эмч нар ч мэдэхгүй болж.
Рашаан судлалаар мэргэшээгүй эмч авч ажилуулдгийн гай гэхээс яахав. Бас нэг хачирхалтай юм нь дээрх рашаан хувьчлагдсан гэх ч эзэн тодорхой бус, хотод амьдардаг сурагтай гэнэ. Ийм сонин юм бас байдаг аа. Хувийн ч бай, улсын ч бай нийтийн рашаан гэдэг нь маргаангүй болохоор цаашдын хувь заяанд нь нийтээр санаа тавихаас аргагүй. Тиймээс холбогдох газрууд ч анхаарна буй за.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ