"Улаан хэрүүлчид"-ийн улирал эхэллээ

Зун цаг ер нь их сайхан юм аа. Налгар, тайван амгалан, хэрүүл тэмцэл багатайхан. Одоо л харин нөгөө уур уцаар, хэрүүл тэмцлийн цаг ирж байх шиг байна. Яана даа. Гэрээс гарлаа л бол тэгээд бөөн хэрүүл эхлэх юм даа. Замын түгжрэлээс авахуулаад. За за хадуурах яахав. Замын түгжрэл ярих гээгүй юм.

Одоо УИХ-ын эрхэм гишүүдийн амралт зугаалга дуусч ажилдаа орох цаг болсон. Энэ сарын 16-нд намрын чуулган эхэлнэ. Чуулган эхлээд удалгүй л тэгээд нөгөө нэг нэгнийгээ хэл амаар доромжилдог, зодоон цохион хийдэг кино шиг зүйл цуварна шүү дээ. Ард түмэн ч амьд сайхан киног зурагтаараа үзэж, инээх нэг нь инээж, уурлах нэг нь уурлана.

УИХ-ын танхимд нэгнийгээ юу гэж муулах нь ер хамаагүй. Газар доор ортол нь элдвээр гүтгэж доромжилж, дээр нь гарч давж л авбал болоо. Ичих, айх эмээх булчирхай хөгжөөгүй гэх үү дээ. Тэр хэрүүлийг нь олон нийт, ард түмэн үзэж, сонсож байгаг мэддэг тэнэгүүд үү үгүйтэнэгүүд үү. УИХ-ын гишүүд шүү дээ тэд нар. Хоёр сая долоон зуугаад мянган биднээс хамгийн ухаантай, боловсролтой, мундаг хүмүүс нь гэж тээр дээр гараад суучихсан байгаа нь тэр. Нэгэн рүүгээ салаавч өгнө, шууд босч ирээд л заамдаад авна, цохиж унагааж байна гээд боддоо. Адилхан луйварчид байж нэгнийгээ луйварчин, дайварчинаар нь дуудна. Үнэнхүү ичгэвтэр. Энэ улс төрийн соёл гэж ер нь юу юм бэ дээ? Ийм улс төрийн соёл бидэнд хэрэгтэй гэж үү. Тэд үлгэр дуурайлал болж явах ёстой, ард түмнээсээ сонгогдсон, дээрүеийнхээр бол хааны шадар туслахууд биз дээ. Гэтэл маниасаа ч доогуур ааш авир гаргаад, тэгээд өөрсдийгөө халдашгүй дархан эрхтэй мэт үзнэ гээч. УИХ-ын гишүүн УИХ-ын танхимд хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээхгүй гэх утгатай юм бодоод явдаг юм шиг байгаа юм. Энэ нөхдүүдийн бодлыг залруулжхариуцлага хүлээлгэдэг болохгүй бол мараалгүй зангаа гаргасаар л байх нь ойлгомжтой.

УИХ-ын гишүүн чуулганы хуралдаан дээр хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй хуультай. Ажил дээрээ ажлын байран дээрээ ямарч алдаа гаргасан хариуцлага хүлээхгүй гэсэн үг шүү дээ. Үүнийг цааш нь аналогоор бусад ажил мэргэжил дээр нялзаагаад үзье.

Багш хүн хичээлийн танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Худал үнэн, гүтгэлгийн шинжтэй юуг ч ярьж түмний хүүхдийн толгойг эргүүлж болно. Юм ярихгүй, юу ч заахгүй байсан ч болно. Эмч хүн эмнэлгийн платанд хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй, Буруу зөрүү эмчиллээ гээд буруутах ёсгүй. Сайн санааны үзүүрт тос гэж, ямар ч гэж эмчилж л байгаа юм чинь. Тэдний буруу зөрүүг хэн шүүх юм. Эмчилж байтал эмчилгээгээ даахгүй нас барж ч болно. Ямар ч хариуцлага хэрэггүй. Жолооч хүн жолоогоо мушгиж байгаад алдаа гаргавал хариуцлага хүлээхгүй. Дүрэм зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, бусдын амь нас эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр гэмтэл учруулсан ч хариуцлага хүлээх ёсгүй. Сэтгүүлч хүн ажлын байран дээрээ хэлсэн үгийнхээ төлөө бичсэн нийтлэлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Илэрхий гүтгэлгийн шинжтэй, хардлага сэрдлэгийн шинжтэй, баримтгүй байсан ч гэсэн хамаагүй. Яагаад гэвэл энэ нь тэдний ажил учраас. Хулгайч хүн ажлын байран дээрээ хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Өөрөөр хэлбэл хулгайч хүнийг үйлдэл дээр нь баривал тухайн үйлдэлд нь хариуцлага хүлээлгэж болохгүй. Яагаад гэвэл тэд УИХ-ын гишүүдийн нэгэн адил ажлын байран дээрээ үндсэн ажлаа хийж байгаа учраас тэр. Хулгайч хүний ажлын байр бусдын орон гэр, бусдын объект л байгаа биз. Гэх мэтчилэн үүнийг бусад тохиолдолд хэрэглээд байвал жинхэнэ бантан болох байхдаа. Мэргэжлийн янхан, мэргэжлийн алуурчин, мэргэжлийн авлигачин ч хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээхгүй болж таарна.

Парламент хуйвалддаг, тохиролцдог газар биш бас жүжгийн талбар ч биш. Парламенттай байна гэдэг аливаа асуудлыг зөвөөр шийдэж, морал буюу ёс суртахуунтай ажиллахын төлөө л байдаг болохоос биш хэрэлдэж, зодолддог, хуйвалддаг газар биш гэдгийг дахин сануулъя. "Гавьяатай аваас дайс­­­наа ч шагнасугай, гайтай аваас шадрыгаа ч шантал­сугай" гэсэн Эзэн Чингисийн маань зарчим ер сураг ч алга.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ