Байгаль орчны салбарт хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргана

Байгаль орчин, ногоон хөгжлийн салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, төрийн үйлчилгээний өнөөгийн байдалд дүгнэлт хийж, боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хурал өнөөдөр боллоо. БОНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг байгаль орчны салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, эрх зүйн орчин, яамнаас мэргэжлийн байгууллагад олгодог тусгай зөвшөөрлүүд болон төрийн үйлчилгээний ажлын явцын талаарх судалгааны дүнг танилцуулав.
Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд “Манай яам байгаль орчны салбарт хувийн хэвшлийн оруулах хувь нэмэр, хамтын ажиллагааг цоо шинэ шатанд гаргахаар шийдвэрлэж байна. Хүрээлэн буй орчныг хамгаалах, нөхөн сэргээх, өсгөн арвижуулах, байгалийн нөөцийн зохистой хэрэглээ ба шинэ технологийг нэвтрүүлэх зэрэг асуудалд хувийн хэвшлийнхэн хөрөнгөө оруулахуйц саналыг төр тавих хэрэгтэй,Энэ боломжийг бүрдүүлж, төр хаалгаа нээх цаг болсон. Байгаль орчны асуудлаар төрөөс хувийн хэвшилтэй хамтрах талаар баримталж байсан бодлогоо эргэн харж, хүнд суртал, шат дамжлага, тусгай зөвшөөрлийнхөө тогтолцоог өөрчлөх цаг болжээ” гэв.
БОНХЯ-наас хувийн хэвшлийн 1000 шахам аж ахуйн нэгж 19 чиглэлээр мэргэжлийн байгууллагын эрх авдаг бөгөөд тэдгээрт 6000 гаруй хүн ажиллаж байна. Мөн ойн санг гэрээгээр эзэмшигч 1062 нөхөрлөл (21700 гаруй гишүүдтэй) болоод ан амьтан, тусгай хамгаалалттай нутгийг гэрээгээр эзэмшдэг ТББ-уудад тус яам төрийн үйлчилгээ үзүүлдэг.
Ажлын хэсэг 2013 онд багтаан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсны дотор байгаль орчны салбарт мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллагуудтай долоон чиглэлээр төрөлжсөн хэлэлцүүлэг (ой, ус, амьтан, ургамал, БОНБҮ, газрын хэвлий, цаг уур) зохион байгуулах ба арваннэгдүгээр сард“Ногоон хөгжлийн төлөөх түншлэл” үндэсний форум зохион байгуулахаар боллоо.
.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ