Б.Мягмардорж: Төлбөрөө хасахгүй бол суулт зарлана

ШУТИС-ийн оюутны холбооноос сургалтын төлбөр нэмэгдсэнтэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ үеэр ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Б.Мягмардоржтой ярилцлаа.

-Танай төлбөр яг хэдээр нэмэгдсэн юм бэ?

-Анхны төлбөрөөсөө одоо байгаа төлбөр нь 46 хувь болтлоо нэмэгдсэн. Сурах орчинтойгоо уялдуулж байж, төлбөрөө нэмэх хэрэгтэй биз дээ.

-Яг ямар шалтгаанаар төлбөр нэмсэнээ тайлбарласан уу?

-Бид сургуульд ямар шаардлага тавьж байгаа вэ гэхээр нэгдүгээрт үр ашиггүй зардлаа бууруулах, хоёрдугаарт төлбөрийг ийм шалтгаанаар нэмж байгаа гэдгээ тайлбарлаж өг л гэсэн. Гэтэл бидэнд импляци өссөн гэсэн хариу өгсөн. Өнөөдрийн байдлаар импляци 8,7 хувьтай байгаа.

-Сургуулийнхаа удирдлагуудад хандсан биз дээ, юу гэж байх юм?

-Өнгөрсөн удаа бид сургуулийнхаа удирдлагуудтай тайван байдлаар, албаны шугамаар хүсэлт, санал хүргүүлсэн боловч бидэнтэй зөвшилцөхийг огтхон ч хүссэнгүй. Төлбөр нэгэнт нэмэгдсэн учир та нарын санал бодол бидэнд чухал биш гэсэн байр суурь илэрхийлсэн.

-Төлбөр авсныхаа хэрээр хийж байгаа ажил байна уу?

-Энэ жил сургалтын төлбөр 13,9 хувиар, оюутны дотуур байрны төлбөр нэг жилийн дотор 70-150 хувиар нэмэгдсэн. Яг баталгаатай мэдээлэл бол 2012 оны есдүгээр сарын 5-наас өмнө дотуур байрны төлбөр 200 мянга байсан. Гэтэл оюунтуудад энэ их хэмжээний мөнгө авч байгаагийнхаа төлөө нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц хийсэн ямар нэг зүйл харагдахгүй байгаа юм. Харин сонсохоос цаашгүй, барьж хэрэглэж болохгүй тоног төхөөрөмжтэй анги танхимтай болсон гэсэн. Дусаал гоождог, хүйтэн анги танхимд оюутнууд гадуур хувцастайгаа сууж хичээллэж байна. Гэтэл удирлагуудынх нь өрөө улам тохижоод байдаг.

-Та нарын хүсэлтийг хүлээж авахгүй бол яахав?

-Хэрвээ биднийг саналыг хүлээн авч хэлэлцэхгүй тохиолдолдтэмцлийн дараагийн хэлбэр буюу суулт, жагсаалын хэлбэрт шилжинэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Албан бичгээ одоо хүргүүлнэ.

-Төлбөрөө нэмэх хурал болох төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танай оюутнуудын төлөөлөл яагаад оролцоогүй юм бэ, одоо нэмэгдсэнийх нь дараа ингэж явж байгаа нь ямар учиртай юм бэ?

-Төлөөлөн уидрах зөвлөлд байдаг оюутны төлөөллийг хамт олны хурлаар сонгоно гэж боловсролын тухай хуулинд байдаг. Гэтэл манай сургуулийн төлөөлөн удирдах зөвлөлд байдаг дөрвөн оюутныг хамт олны хурлаар сонгоогүй. Манай сургуулийн үндсэн дүрмэнд оюутны холбоо нь төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд байна гэсэн заалтыг хүртэл хэрэгсэхгүй болгож, өөрсдөө дүрмээ өөрчлөөд хамааралгүй дөрвөн оюутан сонгоод авчихсан.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ