Дарга нар “утсан хүүхэлдэй” болж байна гэв

“Шарын гол” хувьцаат компанийн сүйтгэж хаясан газар дээр бичил уурхай эрхэлж амжиргаагаа дээшлүүлдэг 670 орчим иргэд байдаг юм байна. Тэгвэл тэднийг маргааш гэхэд хүчээр тараах захирамжийг Дархан-Уул аймгийнЗасаг дарга гаргажээ. Үүнтэй холбоотой өнөөдөр бичил уурхайчдын нэгдэж байгуулсан “Нэгдсэн дээвэр” холбооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монголын бичил уурхайн “Нэгдсэн дээвэр” холбооны гүйцэтгэх захирал, “Буянтын хөндий” ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаатай ярилцлаа.

-Яг юу болсон юм бэ?

-Хариуцлагатай, байгаль орчиндоо ээлтэй эвлэлдэн нэгдэж чадсан нутгийн уугуул иргэдийн эрх мэдлийн талаар өнөөдөр мэдээлэхээр ирлээ. Иргэдэд эрх мэдэл алга. Үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагын албан тушаалтны эрх мэдэл иргэдээс давамгайлсан байна. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын засаг дарга Амарсанаа 2013 оны наймдугаар сарын 12-нд бичил уурхайчдыг тараах захирамж гаргасан. Үүнийг бид тухайн үед нь хэлэлцэж, ярилцаад зөвшилцөлд хүрсэн. Гэтэл төд удалгүй бүр аймгийн засаг дарга тараах захирамж гаргасан.Бичил уурхайчид ямарзохион байгуулалттай, хэрхэн ажилладгийг нутгийн засаг дарга, удирдлагууд ирж үзэж байсан. Гэвч тэд аймгийн засаг даргын тушаалаар өнөөдөр захирамж гаргаж “утсан хүүхэлдэй” болж байна.

-Тэгэхээр та нар хувийн компанийн эрх ашгийн төлөө иргэдийг ажилгүй болгож байна гэж үзэж байгаа хэрэг үү?

- Иргэдийн эрх ашгийг хойш нь хаяж, хувь хүний эрх ашгийг хамгаалсан захирамж гаргасан учир бид Захиргааны хянан шийдвэрлэх тухай хуулийн 6-р зүйлд заасны дагуу аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл, хууль бус захирамжийг хүчингүй болгож өгөөч гэсэн.

-Шарын гол уурхайд ажиллаж байгаа 670-иад хүнийг тараана гэсэн үг үү?

-Тараана гэсэн. Бичил уурхайчид олборлолтын газартайгаа албан ёсны хөдөлмөр эрхлэх аюулгүй ажиллагааны заавраар нөхөрлөлийн ахлагч гишүүдтэйгээ үргэлж харилцаатай ажилладаг. Өдөр бүр хариуцлагатай жижүүр гардаг. Яг л хууль эрхзүйн орчин ямар байна тэрнээсээ давсан зохион байгуулалтанд орж чадсан байдаг.

-Бичил уурхайчдад зориулсан хууль тогтоомж хэр байх уу?

-Гаргасан хууль тогтоомжууд байдаг. Энэ нь амьдралаас хол. Ерөөсөө иргэд рүүгээ хандсан биш компанийн эрх ашиг, эрх мэдэлтнүүдэд чиглэсэн хууль тогтоомжтой. Энэхүү хуулийг эрх мэдэлтэй хүмүүс яаж ч гуйвуулж болох талтай. Тиймээс бид өөрсдийнхөө эрх хэмжээний хүрээнд эвлэлдэн нэгдээд нутгийн иргэд өөрсдийгөө ажлын байраар л хангасан. Эцсийн эцэст гэж хэлэхэд баялгийн эзэд бол нутгийн иргэд. Үүнтэй хэн ч маргахгүй. Гадаадын хөрөнгө оруулалттай гадаад компанийн боол нь бол бид биш. Тэр Оюутолгой, Тавантолгойтой бид зууралдаагүй. Тэр лүү санаархаагүй. Зүгээр л бид нутагтаа байгаа эвдэгдсэн талбайг нөхөн сэргээж, дахиж эвдүүлэхгүйн тулд хаягдлыг ашиглаж ажиллаж байгаа хүмүүс.Энэ хаягдлыг ашиглаад өөрсдөдөө ажлын байр гаргаж байгаа эдгээр хүмүүсийг ажиллах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохнь төрийн үүрэг.Тэр төрийн бодлогыг бид бүхэнд үнэн зөвөөр түргэн шуурхай хүргэх нь сум, орон нутгийн засаг даргын үйл ажиллагаа. Үүнийг л бид хүсээд байна.

-Ухаад эвдчихсэн байсан газар дээр бичил уурхайчид ажилладаг гэж ойлгож болох уу?

-Хэзээ ч эв эрүүл ногоон талбай дээр ажилладаггүй. Харин эрүүл газрыг төрөөс зөвшөөрөл авчихсан, ашиглалтын лицензтэй нэртэй компани ухдаг. Түүнээс биш бичил уурхайчид ухдаггүй юм. Эсвэл сайжруулсан “нинжа” нар хулгайч нохой шиг үүр шөнийн заагаар ухдаг. Энэ хоёрыг ялгамаар байна. Бичил уурхайчид бол хариуцлагатай. Мөн “нинжа”-гийн төлөө хамтарч тэмцэнэ.

-Уурхайчид хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс амиа алдлаа гэж сонсогддог. Танай бичил уурхайн дунд ийм асуудал хэр гардаг вэ?

-Ер нь хөдөө орон нутгийн хэмжээнд асуудалтай зүйл их байна. Засаг дарга нар маань иргэддээ итгэхгүй байна. Итгэж байгаа хүмүүс нь компанийн эрх мэдэлд орчихоод байна. Харин хүний амь нас хохирсон ганц л жишээг хэлэхэд, Увс аймгийн Өмнөговь суманд болсон асуудал юм. Тус сумын засаг дарга Төмөрчөдөр нь бичил уурхайчидтайгаа хамтран ажиллах гэрээ байгуулаад, гэрээ байгуулж тамга дарсан өдрөөсөө үйл ажиллагааг нь явуулаагүй, хориг саад хийснээс болж хүний амь нас хохирсон.

-Засаг даргын зүгээс яг ямар үндэслэлээр тараах гээд байгаа вэ?

-Хувийн компанийн газар дээр ажиллалаагэж. Яагаад иргэдийнхээ биш гадаадын хөрөнгө оруулалттай, гадаад захиралтай хувийн компанийн төлөө санаа зовоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, Австрали, Канад эзэнтэй “Шарын гол” хувьцаат компанийн төлөө иргэдийг ажлын байргүй болгох гэж байна. Тэр гадаад эзэд нь баяжаад иргэд нь хоосон хононо гэж юу байхав дээ. Аймгийн Засаг дарга Насанбат өөрөө хуучин “Шарын гол”-ын захирал байсан. Өөрөө бол алтны амтанд орсон хүн гэдгийг Шарын голын ард түмэн тэр чигээрээ мэднэ, гэрчилнэ.

-Та нарыг нөгөөдөр гэхэд тараана гэсэн байгаа шүү дээ. Харин та хэд энэ хурлаар тарахгүй гэдгээ мэдэгдэж байгаа гэж ойлгож болох уу?

-Тийм. Бид хүчээр тарахгүй. Бид үнэхээр нэг баг болж, нэгдэж чадсан. Үүнийг аймгийн засаг дарга, УИХ-ын гишүүд ч мэдэж байгаа. Бүгд очиж судалсан. Үнэхээр ширхэг тамхины ишгүй, ширхэг чүдэнзний модгүй газар бид нөхөн сэргээлтээ хийгээд, хөдөлмөр аюулгүй байдлаа хангаж ажилладаг.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ