Том толгой гаргасан МХЕГ-т хариуцлага тооцох уу

Дур мэдсэн том толгойтнууд Монголоор дүүрэн. Эрх мэдлийнхээ хүрээнээс хальж, шийдвэр гаргаж, тамга дарж, гарын үсэг зурах дуртай албан тушаалтнуудад хариуцлага тооцмоор байна.
Түүний нэг тод жишээ бол Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалттайажиллаж байгаа “Заламт гол” ХХК-д МХЕГ-аас дүгнэлт гаргасан явдал юм. МХЕГ нь хуулиа зөрчин дүгнэлт гаргаж, ажиллахыг зөвшөөрсөн ч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хууль зөрчсөн гээд ажлыг нь зогсоож, акт гаргажээ.
Угтаа бол МХЕГ-т ийм эрх ямба байхгүй. Учир нь БОНХЯ-наас байгаль орчны үнэлгээ хийлгэж, түүн дээр нь үндэслэн үйл ажиллагаа эхлүүлэх дүгнэлт бичих ёстой.
Г.Хажидмаа: Холбогдох бүхий л байгууллагад албан тоот явуулж байна
Энэ талаар Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн дарга Г.Хажидмаагаас тодруулсан юм.
-Хууль бусаар үйлдвэрлэл явуулж байсан гэсэн. Уг газарт очиход ямархуу байдалтай байсан бэ?
-Иргэдээс ирсэн гомдлын дагуу манай байгууллагаас ажлын хэсэг байгуулан уг үйлдвэрийн газартай танилцсан. Биднийг очиход үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсонги байдалд шилжсэн байсан бөгөөд аккумулятор задалж шүлтийг хоолойнд дамжуулан, хашаан дотроо нүх ухан, төмөр саванд байрлуулсан бөгөөд тэр савны таг онгорхой, шүлт нь агаарт дэгдсэн байдалтай байсан. Хар тугалга буюу лагийг нь байшин дотор ил задгай асгасан байдалтай үйл ажиллагаа явуулсан байлаа.
Амьсгалын замаар дамжин, хүний биед орсон хар тугалга нь бараг бүх эд эрхтэнг гэмтээх, өвчлүүлэх аюултай байдаг. Ялангуяа бага насны хүүхдүүдийн мэдрэлийн системийн үйл ажиллагаанд хортой нөлөө үзүүлдэг, хорт хавдар үүсгэх аюултай гэдэг юм билээ.
-Энэ талаар МХЕГ-т хандсан уу?
-Холбогдох бүхий л байгууллагад албан тоот явуулж байна. Боловсруулсан хар тугалган гулдмаагаа хаана байгааг ч хэлэхгүй байсан. Миний таамаглаж байгаагаар хилээр гаргасан байж болзошгүй. Иймд үүнийг тогтоолгохоор холбогдох байгууллагад нь хандсан байгаа. Мөн МХЕГ-ын "Заламт гол" ХХК-д гаргаж өгсөн дүгнэлтэд "Гал унтраах анхан шатны багаж зэмсгээр хамгаалагдсан, галын аюулгүй байдлыг хангасан, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас хамгаалах хэрэгслээр хангагдсан" гэжээ. Гэтэл биднийг очиход энэ бүх зүйл хангагдаагүй, барилга бүрэн баригдаж дуусаагүй байв.
-“Заламт гол” ХХК-ийн удирдлагуудтай уулзсан уу?
-Бид Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд үнэлгээг гаргуулахаар энэ оны тавдугаар сард хүсэлтээ өгсөн. Одоо болтол үнэлгээ гараагүй байна. Гэхдээ удахгүй гарна гэсэн тайлбар өгсөн.
Ийнхүү байгаль орчинг сүйтгэснээс гадна, хүний эрүүл мэндэд нэн хортой үйлдвэр явуулах дүгнэлтэд гарын үсэг зурсан тэдгээр эрхмүүдэд хариуцлага тооцох ёстой.
Уг үйлдвэр нь хар тугалган гулдмайг үйлдвэрлэн, экспортлох зорилготой газар. Үйл ажиллагаагаа явуулаад 2-3 сар болсон бөгөөд Монгол Улсын “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тухай”, “Агаарын тухай”, Химийн хорт болон аюултай хог хаягдлын тухай”, “Усны тухай” хуулиуд зөрчсөн байна лээ.
Дашрамд дурдахад, Мянганы сорилтын сангаас ахуйн хэрэглээнд хэрэглэж байгаа будганд байгаа хар тугалгын хэмжээг тогтооход нэн аюултайд хүрсэн нь тогтоогджээ. Гэтэл энэ төрлийн ямар ч хараа хяналтгүй үйлдвэр явуулах зөвшөөрлийг манай хяналтын байгууллагынхан өгөөд сууж байгаад гайхаж байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ