Монгол охиныг хөнөөсөн солонгосыг хорьжээ

Хөгжим бүжгийн коллежийн замын урд байрладаг “Michelle” ресторан, зочид буудлын дөрөвдүгээр давхраас ажилтан нь бэртлээ гэх дуудлага өнгөрсөн сарын 07-ны өдөр ГССЗҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт иржээ.
Оройн 23:00 цагийн үед дуудлага ирсэн ба түргэнийхэн очиход хохирогч бүсгүй ухаангүй, маш хүнд гэмтсэн, ихээхэн цус алдсаныг гэрчүүд нотолж байгаа юм.
Тэр үед хохирогч өвдөлтийн шокоос болж ухаан нь орон гаран болсон байжээ. Хамгийн хачирхалтай нь 07-08-нд шилжих шөнийн 00:45 цагт өвчний түүх нээсэн байтал хохирогчийн ар гэрийнхэнд өглөөний 06:00 цагийн үед дуулгаж, гэр бүлийнхэн нь эмнэлэг рүү ирсэн ч охиноосоо юу болсон талаар сонсож чадалгүй байсаар үүрд алджээ.
Гэрийнхэн нь түүнээс юу болсныг асуухад “Өвдөж байна, үхлээ” гэж шивнэхээс өөрийг хэлээгүй аж.
Ингээд 08-ны өглөө Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс хохирогчийн ар гэрийнхнийг дуудсан бөгөөд хэргийн сэжигтэн гэх хоёр солонгосыг баривчлан саатуулжээ.
Гэтэл төд удалгүй тэрхүү саатуулсан хоёр солонгос иргэнийг батлан даалтад гаргалаа хэмээн мэдэгдсэн билээ.
Харин эх сурвалжийн мэдээллэж байгаагаар уг хоёр солонгос иргэнээс нэгийг нь цагдан хорьж, нөгөөг нь батлан даалтан гаргасан гэв.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ