Ч.Уртнасан: 15 аймаг ДОХ-ын халдвартай боллоо

ХӨСҮТ-ийн Хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасангаас зарим зүйлийг тодрууллаа.

-ХДХВ/ДОХ-ын халдвартай эхээс төрсөн хүүхэд хэд вэ?

-Өнөөдрийн байдлаар найман хүүхэд бий.

-Хэд нь эрэгтэй, хэд нь эмэгтэй вэ. Насны хувьд хэдтэй хүүхдүүд юм?

-Хүйсээр нь сайн санахгүй байна. Насны хувьд 2-8 хүртэл байх шүү.

-Түрүүчээсээ сургуульд орчихжээ?

-Сургууль, цэцэрлэгт явж байгаа.

-Тэдний бие ямар байна вэ?

-Биеийн байдал нь сайн. Халдваргүй төрсөн нь олон удаагийн шинжилгээгээр нотлогдсон. Одоо цоо эрүүл хүүхдүүд гэсэн үг.

-Тэднийг эрүүл төрүүлэхэд юу нөлөөлөв?

-Гол нь эхчүүдийг халдвартай болохыг эрт илрүүлсэн тул эсэргүүцэл сайжруулах эмчилгээнд хамруулж амжсан байлаа. Жирэмсний эхэн үеэс хамгаалах эм уулгасан нь үр дүнгээ өгсөн нь гарцаагүй. Төрөлтийг төлөвлөгөөтэй, нарийн хяналттай удирдсан. Бүгдийг кесарево хагалгаагаар төрүүлсэн. Байгалийн жамаар нярайлахад төрөх явцад халдвар авчихдаг тохиолдол цөөн биш. Төрсний дараа хөхөөр бус, тусгай тэжээлээр хооллосон нь нөлөөлсөн гэхэд хилсдэхгүй. Уургийг нь ч амлуулаагүй. Эхэд өгч байсан эмийг НҮБ-ын ДОХ, сүрьеэтэй тэмцэх “Глобал” сангаас үнэгүй тавьж байлаа.

-Дээрх сангийн хөтөлбөрийг зогсох юм гэсэн яриа гарчээ?

-Одоохондоо хэвээрээ л байна. Ер нь яваандаа зогсох нь тодорхой болсон. Гэхдээ учир бий. Дээрх хөтөлбөр ядуу, буурай оронд хэрэгждэг юм билээ. Манайх тэр ангиллаас нь дээшээ гарчихаж л дээ. ДНБ, эдийн засгийн өсөлт гээд олон үзүүлэлтээр тэгжээ. Тэгэхээр хөтөлбөр заалтынхаа дагуу зогсох болж байгаа юм. Танайх бие даах болжээ. Харин ч зарим оронд тусламж үзүүлэх болсон байна гэсэн үг юм даа. Өөрөөр хэлбэл, хөтөлбөр муудаа биш, бид сайн болсон учир гэж ойлгож болно. Гэхдээ шууд зогсоочихдоггүй юм байна. Аажим танасаар тэгэх бололтой. Тухайн орны Засгийн газарт нь боломж олгож байгаа хэрэг. Бид хөтөлбөрөө татлаа шүү. Танай Засгийн газар асуудлыг өөрсдөө зохицуулаарай гэдгийг анхааруулж байна гэсэн үг ээ.

-Тэгвэл эм нь үнэтэй болох байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Нэг өвчтөний бүтэн жилийн эмийн үнэ 1000 ам.доллар хавьцаа очих байх. Өвчтөн эмээ өөрөө авах тул зарим талаар хүндрэл гарч болзошгүй. Амьдрал ямар байгаа билээ. “Амьд хүн аргатай” гэдэг үг бий дээ. Гарц олдох биз.

-Ямар эм уудаг юм бэ. Азидотимидин гэдэг эм байдаг гэсэн?

-Түүнээс хойш гарсан, үр дүнтэй нь батлагдсан, 10-аад төрлийн эм байдаг. Комбинацалж буюу хослох аргаар хэрэглэдэг юм аа.

-Халдвартай хүн өнөөдөр хэд байгаа билээ?

-145 байна даа.

-Хүйсийн хувьд?

-119 нь эр, үлсэн нь эмэгтэйчүүд.

-Халдвар нь ДОХ-д шилжсэн өвчтөн бий юу?

-Бий. Дээрх 145 хүнээс 19 нь нас барсан. Халдвар нь ДОХ-д шилжсэн өвчтөн өнөөдрийн байдлаар 89 гэсэн тоо гарсан. Хоёрдогч халдвараар өвчилсөн гэх үү дээ. Дархлаа нь буурснаас хавдар мэтээр өвчлөх нь ч тохиолддог.

-“100 хувь бэлгэвч” бил үү, нэг хөтөлбөр байсан. Юу болсон бэ?

-Бүх аймагт хэрэгждэг хөтөлбөр л дөө. Үргэлжилж байгаа.

-Дэн буудлуудад бэлгэвч түгээдэг машин байрлуулсан гэдэг бил үү?

-Томоохон аймаг, хотын төвийн буудлуудад тавьсан. Тэр болгон бас хүрэлцэхгүй нь мэдээж шүү дээ. Тэгэхээр зарим буудлын эздэд зөвлөн хэрэгжүүлдэг. Буудлын рецепшн дээр тавьчихаар болдоггүй. Тэр болгон хүн ирээд бэлгэвч авъя гэхгүй л дээ. Тиймээс өрөөнд нь, бүр орны нь дэргэд тавихыг зөвлөдөг. Нэг дор дор хаяж гурвыг тавь гэдэг. Тэгэх ч ёстой.

-Зарим буудал зардаг юм билээ?

-Зарим нь зардаг нь үнэн. Зараад ч болов хүргэж байвал учиртай шүү дээ. Уг нь өрөөнийх нь үнэд шингэх учиртай л даа.

-Манай хэдэн аймагт халдвар гарчихаад байна вэ?

-21 аймгийн 15-д нь халдвар гарсан мэдээтэй сууна.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ