Хувьцаа хааччихав аа

Нэгэн сонирхолтой материал тохиолдлоор олов. Хориод жилийн өмнө буюу 1995 оны арванхоёрдугаар сарын 8-нд Өмнөговь аймгийн тухайн үеийн Засаг дарга Ц.Мижиддоржтой“Үнэн” сонины сурвалжлагч ярилцжээ. Байгалийн баялгаа ашиглах талаар ямар бодолтой байна вэ гэсэн асуултад, Өмнөговь бол хөрс шороондоо баялаг ихтэй аймаг. Нарийн Сухайтын нүүрсний ордыг нээж, нүүрс экспортолдог боллоо. Жилд 60 мянган тонн нүүрс гаргана. Тавантолгойн нүүрсний уурхайг эрчимтэй ашиглахаар тавьсан зорилт маань гадаад түнш, хөрөнгө оруулалт, зам харилцаанаас болоод биелэхгүй байна. Ер нь Тавантолгой бол манай аймгийн гол найдвар, өндийж босох тулгуур юм. Энэ удаа ашиглаж чадахгүй ч, ирээдүйд ашиглах нь гарцаагүй. Бид үүнийг хөөцөлдөнө гэжээ. Тэр үеэс л Тавантолгойг ашиглахаар идэвхитэй хөөцөлдөж байж шүү дээ. Тэгвэл байдал одоо ямар байна вэ. Ашиглалтад орсон уу. Орсон. Нүүрс экспортолдог уу. Экспортолдог. Монгол Улс 2005 оноос нүүрс экспортолж эхэлсэн. Манай компаниуд нэг тонн нүүрсийг дунджаар 117 ам.доллараар худалдаалж буй. Манайх 2010 онд 18.3, 2011 онд 22.5 сая тонн нүүрс Хятад руу гаргасан/Үүн дотор Тавантолгойн нүүрс мэдээж багтана/. Харин энэ онд өмнө байгаагүйгээр унажээ. Он гарсаар нэг тонн нь 120 ам.доллар хүрч байсан нүүрсний үнэ одоогийн байдлаар 50 ам.доллар болтлоо буучихлаа. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ байдал 2016 он хүртэл үргэлжилнэ гэх нэгэн мэдээ байна. Бас, “Эрдэнэс-Тавантолгой” ажилтнуудаа цөөлөх боллоо” гэсэн шинэхэн мэдээ харагдана. Үүнийгээ бүтцээ оновчтой болгохын тулд хэмээн тайлбарлажээ. Ажил хэргээ одоохондоо жигд байгаа хэмээжээ. Тэр ч яахав, тийм байж. Иргэдийн хамгийн их сонирхож буй нэгэн зүйл л харин ор тас мартагдах нь ээ. Сануулаад өгье л дөө. “Эрдэнэс-Тавантолгойн хувьцаа” гэж нэг юм бий дээ. Зарим нь бүр дансаа нээлгээд авчээ. Баяжих биш юм гэхэд хотойхооргүй амьдрах баталгаа хэмээн дээдэс тайлбарласан байх аа. Юутай ч иргэн бүр 1072 хувьцаатай гэж буй. Данс нээлгэхэд 1062 болчихсон тууж явна лээ. Арван тоо ч дүүрчээ. Харин тэр ашиг энэ тэрийг яагаад ярихаа болчихов оо. Хувьцаагы талаар иргэдэд мэдлэг олгоно, барина гэсэн яалаа. Хорин жил ярьсан Тавантолгой хэзээ ашгаа өгөх вэ.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ