Дэлхий Монголын улстөрчдөөс уучлалт гуйх ёстой

Манай улс төрчдөд буруу огт алга. Тэд дандаа л зөв юм хийдэг. Даанч хийсэн, сэдсэн бүхэн нь буруугаар эргээд байгааг л ард түмэн ерөөсөө ойлгохгүй юм. Үүнийг ойлгуулах философийн категори, гаргалгааг өнөөдрийг хүртэл дэлхийн сор болсон гүн ухаантнууд, Кант, Гегель, Маркс зэрэг эрдэмтэд гаргаагүй байгаа нь тун буруу зүйл юм. Тиймээс ийм категори, гаргалгааг бий болгоогүй дэлхийн гүн ухаантнууд Монголын улс төрчдөөс уучлалт гуйх ёстой. Хэрэв зөв юм хийгээд үр дүн нь хэрхэн буруудаж болох тухай гаргалгааг аль эрт гаргаад өгчихсөн бол Монголын улс төрчид ард түмэндээ буруугаар ойлгогдоод суухгүй байсан шүү дээ.

Нууц хүүгийндээ 13 тэрбум төгрөг хадгалж, төрийн хөрөнгө, өөрийн мөнгө хоёроо ялгаж, салгаж ядаж байхад нь ЭМ-ийн сайд асан нэгнийг буруутгаад байх юм. Мөнгө нь ч нууц, хүү нь ч нууц байх ёстой байтал дэггүй нууц хүү нь бүхнийг ил болгов. Нууц байхаа ухамсарлаагүй тэр хүү нуувчнаас ил гарсан нь буруутай болохоос 13 тэрбум хумсалсан, хулгайлсан хүний буруу гэж юу байх вэ дээ. Ард түмэн минь та нар л өөрсдөө ав, ид, хумсал гээд л төрийн тэр өндөр албан тушаал дээр тавьсан шүү дээ. Бүр болохгүй гээд байхад нь бол, бол гэж шахсаар байгаад ЭМ-ийн сайд болгосноо санаж байна уу. Аягүй бол мартчихсан даа, хөөрхийс. Ард түмнийхээ эрүүл мэндийн даатгалын, өөр юуны мөнгө байдаг юм тэр  бүхнийг гэртээ аваачаад найдвартай хадгалсан тэр хүн буруудах уу, нууц байх ёстой атлаа нуувчнаас ил гарч дэггүйтсэн хүү нь буруудах уу. Үнэндээ нууц хүү ил гарснаас болж хөөрхий сайдын ар гэрт айдас, салалт, эхнэрийн цавчилт буугаад тэр 13 тэрбумаас чинь илүү олон шийдэх асуудалтай тулгараад байгаа гэсэн. Ийм хүнд хэцүү үед нь ард түмэн нийтээрээ 13 тэрбумыг нь эхнэрт нь бэлнээр шууд шилжүүлж, ар гэрийг нь авч үлдэх хөдөлгөөн байгуулж эр хүн мөнийх нь хувьд түүнд туслах хэрэгтэй байна. Ард түмэн нийтээрээ 13 тэрбумыг эрүүл мэндийн сайдын эхнэрт хандивлаж, эхнэрийг нь аргадахын төлөөх жагсаалыг сүр үзүүлэн хийж, иргэний хөдөлгөөн байгуулцгаая.

Өдгөө ардчилсан намын залуучууд төрийн алба, манай алба гэдэг уриа гаргаад байгаа гэнэ. Бүр болоогүй тендер ав, арван хувиа шидээрэй гээд аялан дуулдаг болсон гэнэ. Шидэж чадагсад нь тендерээ авдаг хаашаа, юу шидэхээ мэдэхгүй тэнэгтсэн нь шидэх юмаа барьж явсаар байгаад хоосон хоцорч байгаа аж. Тэр шидэх юм нь юу яах юмных нь юуны арван хувь гэдгийг мэдэхгүй хүмүүс бас байна. Өмнө нь нээлттэй зарлаад энэ тэрүүгээр асуудлыг зохицуулдаг байсан бол одоо шууд л бэлэн арван хувь бусад нь таны асуудал л гэдэг болсон байна гэнэ. Нэг бодлын улаан цагаан, ил шулуун амар ч юм шиг. Төрийн нэрийн өмнөөс би арван хувийг нь авна, чи арыг нь даа гэдэг хэллэг бас бий болж гэнэ. За даа тэгээд авилга энэ тэр гэдэг үг чинь үгсийн сангаас хасагдаж, шууд л “хувьсагдах” гэдэг болсон байна. Энэ үгний цаад углуурга нь С.Баярцогт, Оюутолгойн гэрээтэй холбоотой юм шиг байна лээ.

Нээрээ, цаад УИХ-ын дэд дарга С.Баярцогт гадаад данстай, мөнгөтэй гэдгээ өөрөө мэддэг ч харин бусад нь мэдэхгүй байсан учраас АТГ-т гаргаж өгдөг ХОМ-тээ тусгаагүй байсан юм байна. Үнэндээ бусад нь мэдэхгүй, мэдэх ч ёсгүй, мэдэх ч үгүй өнгөрөх зүйлийг бөглөж, цаас үрээгүй хэмнэлт л гаргасан байна шүү дээ тэрээр. Гэтэл ард түмэн үүнийг нь ерөөсөө ойлгохгүй юм. Сангийн сайд хүртэл хийж явсан хүн чинь нэг ширхэг цаас ямар их үнэтэйг дунд сургуулийн хүүхдээс илүү мэддэг түүний мэдлэгийг ядахдаа ард түмэн үнэлэх хэрэгтэй ш дээ. Гадаадын банкин дахь хадгаламжны анкетыг бөглөхдөө Mongolia China гэсэн нь бас л гадаадынхны алдаа шүү дээ. Хүний мөнгө авч байж, хаанахын ямар улсын хэн гэдэг иргэн мөнгө хадгалуулж байгааг нь шалгадаггүй тэр гадны банкныхан нээрээ хачин улс шүү. Монголдоо хадгалуулсан бол мөнгөний эзэнд бөглөсөн анкетыг нь үзүүлээд буруу зөв бөглөсөн эсэхийг нь асуугаад баталгаажуулж гарын үсэг зуруулаад яаж тамлах байсан бол. Харин гадныхан тэгдэггүй юм байна. Зүгээр л мөнгийг нь аваад л өөрсдөө анкетыг нь бөглөөд сууж байдаг аж. Ядахдаа тэд хүний юм авч байж аль улсын иргэн бэ гэдгийг нь зөв бөглөчихгүй.

За муу ядарсан Монгол Улсын Сангийн сайд л нэг сая доллар хадгалуулаа биз, яаж бөглөсөн ч яадаг юм гэж басамжилж байхгүй юу. Тэгээд ч Монголд нэг сая доллартай хүн байхгүй Хятадаас л Монгол Улсын Сангийн сайд зээлж, ядарсан хэдэн ард түмнээсээ нууж байгаад дараа нь бялуу авч өгч баярлуулахын хооронд элдэв юм асуугаад яахав ч гэж бодсон ч юм бил үү. Энэ бүхэнд хөөрхий УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан, Оюутолгойн гэрээг 20 хувьсагчтай болгож Монголдоо 3 тэрбум, өөртөө сая доллар унагасан С.Баярцогтыг буруутгах юун. Би бол өмөөрч байна. Эх орон, ард түмнээсээ илүү баян ганц ч гэсэн сайдтай улс шүү Монгол минь гэж дотогшоогоо өмөлзөж, өмөөрч байна. Түүнд буруу байхгүй ээ.

Таван толгойн нүүрсээ арван жилийн хугацаанд үнэ төлбөргүй Хятад улс руу зөөх гэрээг үзэглэсэн Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболд, Даш.Зоригт нарыг ч би өмөөрнө. Би л болж байвал та нар, эх орон, тэр ард түмэн яаж амьдрах нь надад хамаагүй гэж далдуур ч гэсэн хэлж чадсан тэдний буруу юу юм бэ. Ухаангүй мунхаг ард түмнийхээ нуруун дээр завилж, уул овоо шиг баялгийг нь гадныханд худалдаж чадсан тэднийг өнөөдөр  Монголын төр яаж ч чадахгүй байгаа нь Монголын төрийн л буруу ш дээ. Худалдаж чадсан тэдний буруу юм уу. Оюутолгойн гэрээг өөрсдөдөө ашигтайгаар хийж чадаад Америкт амьдарч байгаа Ерөнхий сайд асан С.Баярт ч баяр хүргэе. Чадаж байгаа маньд арга байхгүй шүү дээ, би тийм л замаар явж ирсэн гэдгээ зарлаад хэлээд байхад л тэр хүнээр та нар тийм юм хийлгээ биз дээ, монголчуудаа. Тэгээд одоо яагаад хараагаад байгаа юм бэ. Чадаж байгаа юманд арга байхгүй гэдгийг дахиад нэг сануулъя. Үнэхээр чаддаг юм бол, сачий нь хүрвэл, чадал чинь байвал Монголын төр төмөр нүүрээ харуулж, хуулиа хууль шиг болго л доо, харъя.

Улаанбаатар хотыг утаагаар дүүргэж, чөлөөтэй алхах газаргүй болгож, газрын үнийг тэнгэрт хадаасан М.Энхболд, М.Бадамжунай нар өнөөдөр мөнгөөр ирээдүйгээ бүтээж байна. Газрын үнийг гайхамшиг болгож чадсан тэр хоёрт юун буруу байна. Газар ямар үнэтэйг Монголчууд мэдэхгүй байхад мэдэрч, мэдэж чадсан энэ хоёр хүнд харин ч монголчууд талархаж, Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнах хэрэгтэй. Ер нь УИХ-ын гишүүн гэдэг сэтэр энэ хоёрт хүнд багадаад байгаа гэдгийг өнөөдрийг хүртэл яагаад ард түмэн ойлгодоггүй юм бэ. Үүнийгээ ойлгуулах гэж арга ядаад тэд минь гудамжинд жагсч, алтадсан буйдангаасаа шаал өөр модон тансаг буйдан дээр сууж доошоо ороод байна. Алтан буйдан, мөнгөн дэвсгэр ямар зөөлнийг ард түмэн ямар мэдэх биш дээ. Учирлаад ч ойлгохгүй юм чинь. Уг нь тэд чинь ард түмнээсээ тасарч, тэнгэрт нисч, мөнгөн дээр хөвж, Монголын бүх газар нутгийг зарж баяжиж үзэх гэсэн, зөв юм хийсэн л хөөрхөн “банди” нар ш дээ. Тэд нарт ямар буруу байгаа юм вэ.

Ингээд хөврөөд, хөвөөд байхаар Монголын улс төрчдөд буруу огт байхгүй гэдгийг та гадарлаж эхэлж байна уу. Монголын улс төрийн томоохон орон зайг эзэгнэж, эзэлж, эзэрхийлж явсан Намбарын хүү One Энхбаяр гэж байна. Хэдхэн ном, нэг муу телевиз, ганц нэг байрны хажуу талын подвал л авсан юм билээ дээ. Хүний хамгийн чухаг хэрэглээнд идэх хоол, унтах оромж, өмсөх хувцас ордог. За даа энэ гурав байхад өдөр хоног өртөөлөнхөн өнгөрч, өөр нэг их илүү хэрэгцээ хүнээс шаардагдаад байдаггүйг хүн төрөлхтөний мянга мянган жилийн түүх харуулна. Тиймээс Н.Энхбаяр байртай болох гэж байгаад л андуураад буудал авчихсан юм билээ дээ. Бас ч аргагүй дээ, олон туслах, олон юунууд, олон зочин, олон олон юмыг багтаахын тулд олигтой сав л ер нь хүнд хэрэгтэй ш дээ. Худлаа гэвэл тэр анхны Ерөнхийлөгч П.Очирбатаа та нар хар л даа. Ард түмэн нь идэх хоолгүй шахам явах үедээ төсвийнхөө уутыг эргүүлж гөвж байгаад авч өгсөн, бэлэглэсэн байр нь багадаад зарж томруулах гэж яаж үйлээ үзэж байна. Төрийн өмчөөс зөөсөн хураасан, хийсэн нүгэл буян нь багтахгүй задарчих гээд аргаа бараад л байраа томсгож яваа шүү дээ хөөрхий минь. Ер нь Монголын анхны Ерөнхийлөгчийнд очиж үзэхэд өмнийн говийн газар нутгийн хөрс дэвсээстэй байдаг юм гэсэн шүү. Яагаад гэж үү. Ээдээ тэрийг өөрөөс нь асуусан нь дээр байх. Учир нь түүний гараар Монголын говь урсч байхад мань мэтийг элсэн ширхэг чинээ ч эс санан хийсгэж орхино шүү дээ.

Монгол төрийн өндөр сэнтийд заларч, албан тушаал хашиж байсан эрхмүүд гадаадын компанийн жижүүр хийдэг. Худлаа гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди байна. Гадны улс орнууд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүстээ олигтойхон цалин хангамж өгөөд хамгаалалтдаа аваад хаана ажилуулах, эс ажилуулахаа төр нь шийдээд явдаг. Харин Монголчууд арчаагүйдээ л гадны компанид аваачаад Монголын эрх ашгийг хамгаалах жижүүрээр тавьж орхиж байна. Тэгэхээр чинь тэр хүн уурлана биз дээ. Төрийн тэргүүн байсан намайг яахаараа та нар гээд л...

Хүн битгий хэл өт хүртэл хатгахаар уурладаг. Өөрсдөө биднийг удирдаад, төр улсыг минь төвхнүүлээд, иддэгээ идээд, үлдснийг нь ард бидэндээ өгөөд яваарай гэж төрд илгээсэн хүмүүсээ олигтойхон идэж ууж чадаагүйд нь ард түмэн уурлаад байна. Ард түмэн бидэндээ 1,5 мянган төгрөг тараасан атлаа өөрсдөө сая гаруйхан доллартай байгаа нь Монгол төрийн түшээдийн эмгэнэл биш гэж үү. Тэр Африк, Ливи энэ тэр орны удирдагчдыг хар. Алтан жорлон дээр, алтан ялтсаар юугаа яаж байхад манай төрийн томчууд тэдний дэргэд ёстой л ичмээр дамшигнууд яваад байна ш дээ.

Өнгөрсөн хорин жилийн хугацаанд улс төрд зүтгэгсэд нөгөө муу Дэмбэрэл шиг юм үзээгүй юм болохоороо уралдаад л идээд ард түмэн та нар хэн их идэхийг нь хараад л суугаад байна. Ингэж их идүүлж байгаад та нар дараа нь гэнэт уурлаж, их идүүлсэн малаа юу яадаг шиг яах гээд байж болохгүй ш дээ.

О.Нар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ