Хайрцаг шүдэнз ингэхээр ханшийн талаар ярилтгүй

Эдийн засаг эрүүл, эрүүл бус гээд л ихэс, дээдэс маргаж сууна. Энэ бол дарга нарын мэддэг юм биш нь ойлгомжтой. Эрдэмтэн, судлаач, эдийн засагч нар гадарлаж магад. Үндсэндээ зах зээлийн жам ёсны үзэгдэл ч байж мэднэ. Би эдийн засгийн талаар нарийн ойлголтгүй хүн. Саналаа л солилцох гэсэн юм. Эдийн засгийн хямрал гээч нь нэг бол дэлхийг бүхэлд нь, эсвэл хэсэгчлэн буюу тивээр нь хамран өрнөдөг бололтой юм билээ. Тэгвэл өнөөдөр дэлхий нийтээр болон Ази тив тайван, амгалан байна. Түүгээр ч барахгүй хоёр хөрш, Япон, Солонгос гээд хүссэн ч, эс хүссэн ч холбогддог орнууд маань хямрал, энэ тэр яриагүй, ажин түжин сууцгаана.

Тэгэхээр, яагаад зөвхөн бид бухимдах гэж. Энэ л ойлгогдохгүй юм. Ганцхан улсын гачаал байдаг юм болов уу. Улстөрчид энэ асуудлаар яг хоёр хуваагджээ. Засаг барьж байгаа хэсэг нь, Монголын эдийн засаг хямраагүй гэх. Нөгөөдүүл нь, бүр тартагтаа туллаа гэдэг. Аль нь тэгээд үнэний хувьтай болж байна вэ гэдэг асуулт гарч байгаа юм. Өчигдөрхөн нэг тонн нь 100 гаруй ам.долларын үнэтэй байсан экспортын нүүрсний үнэ 56 ам.доллар болчихож. Энэ ч яахав, томчуудын мэдэх, хариуцах тоо биз. Бидний мэдэх тоо бас буй. Тэр нь мэдээж өргөн хэрэглээний бараа л даа. Тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсаныг хоол идэж, унд уудаг бүхэн мэднэ. Үнэ нь нэмэгдээгүй, харин ч буурсан цорын ганц бүтээгдэхүүн харагдана. Тэр бол монгол төмс. Энэ л харин сэтгэл бүлээцүүлэх юм.

Зах зээлийн хууль гэж байдаг юм бол эл ногоо л тэр жаягаар яваа даг. Төмс арвин ургасан учир борлуулалтаа бодоод хямдруулсан байж таарна. Ховордвол үнэ нь мэдээж өснө. Зарчим нь ердөө л энэ. Килограмм төмсний үнэ 46 төгрөгөөр бууна гэдэг угтаа их юм шүү. Оюутан байхад төмс шарж идээд долоо хоночихдогсон. Тэгээд бодохоор орон даяар өлсөх ч бас болоогүй мэт. Бусдын хувьд хэцүү л байна даа. Бүгдийг тоочих боломжгүй болохоор өөрт тохиосон нэг жишээ татъя. Өчигдөр 50 төгрөгийн үнэтэй байсан шүдэнз гэхэд л өнөө өглөө 100 төгрөг болчихжээ. Хайрцаг шүдэнз ингэхээр ханшийн талаар ярилтгүй биз дээ. Валют малют ярихаа больё л доо. Эдийн засаг гарцаагүй хямарчээ.

Г.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ