А.Пүрэв-Очир: Зүү залгиулсан дэслэгч дарамталсан өнгө аястай ярьсан

Увс аймгийн Баруунтуруун суман дахь хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байсан цэрэг П.Хэнмэдэхэд тус ангийн бэлтгэл заставын сургалт эрхэлсэн орлогч, дэслэгч Н.Баатар дөрвөн ширхэг зүү залгиулсан гэх хэргийн талаар бид анх мэдээлсэн. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас тус ангид цэрэгт татагдан очсон П.Хэнмэдэх нь өдгөө Улаанбаатарт Цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа юм. Түүний биеийн байдал болон хэргийг нь Увс руу шилжүүлсэн нь үнэн эсэх асуудлаар түүний аавтай нь ярилцлаа.
-Танай хүү хагалгаанд орсон уу, биеийн байдал нь ямархуу байна?
-Хагалгаанд ороод тав хонож байна. Нэг зүү авсан. Эмч нар үлдсэн гурван зүүг нь гарчихсан гээд байгаа. Гэхдээ би нүдээрээ харж, үзээгүй болохоор итгэхгүй байгаа. Биеийн байдал мэс хүргэсэн болохоор ядруу л байгаа. Нүдний хараа тогтворгүй, толгой, ууц нуруугаар нь хатгуулаад, юм ярихаараа ээрч гацаад байгаа.
-Дотор эрхтнүүдэд нь ямар нэгэн шарх үүсээгүй гэж байна уу, ямар хэмжээтэй зүү байсан юм бол?
-Эрхтнүүдэд нь ямар ч нөлөө үзүүлээгүй л гэж байгаа. Хэрвээ тийм бол ямар ч зовиургүй байх байсан шүү дээ. Бас нэг зүйл байна. Эмч нь болохоор тэр зүүг бөөрнийх нь арын цулцгар маханд байсан гэж байсан. Харин Хилийн цэргийн хүн болохоор элгэн талдаа байсан гэсэн гээд хоёр өөр юм яриад байгаа юм. Хэн нь үнэн яриад байгааг ойлгохгүй л байна. Зүүний хувьд хялгасан зүүнээс арай том зүү байсан. Би харсан л даа. Харин авъя гэхээр өгөхгүй байгаа юм. Тэр чинь надад нотлох баримт.
-Зүү залгиулсан гэх Н.Баатар дэслэгч таньтай холбоо барьсан уу?
-Надтай ердөө уулзаагүй. Харин нэг утсаар ярьсан. Тэгэхдээ намайг сүрдүүлэх өнгө аястай сонин сонин л зүйл ярьж байна билээ. Шүүх цагдаа нь шийдээд өгөх биз дээ.
-Баатар дэслэгч өөрөө зүү залгиулаагүй гэж өргөдөл гомдол бариад яваа юм билээ?
-Харин тийм. Намайг Хил хамгаалах ерөнхий газар дээр аваачаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл битгий цац. Хилийн цэргийн нэр хүнд, танай хүүхдийн нэр хүндэд ч муугаар нөлөөлж байна гэсэн утгатай юм ярьсан. Гэтэл маргаашнаас нь өөрдийгөө өмгөөлсөн мэдээлэл өгөөд эхэлсэн. Тийм болохоор би тэмцлээ зогсоохгүй. Миний хүүг өөрөө зүү залгисан гэж ард түмэн бодож байгаа шүү дээ. Гэтэл тийм юм байхгүй. Би хүүгээ худлаа ярина гэж бодохгүй байна. Гурван ч удаа зодуулж, дөрөв дэхь дээр нь энэ асуудал үүсч байгаа шүү дээ. Тэгэхээр би хүүдээ итгэж байна. Цэргийн албанаас чөлөөлөгдөх гэж өөрөө зүү залгисан гэж хүмүүс буруугаар ойлгоод байх шиг байна билээ. Миний хүү намайг хориглоод байхад өөрөө сайн дураараа цэрэгт явсан хүн. Гэтэл яахаараа албандаа дургүй болж, өөрийнхөө аминаас уйдсан биш дээ зүү залгиад зогсож байхав дээ.
-Хилийн цэргийн газраас таньтай уулзаж, холбоо барьсан уу?
-Дээр намайг аваачиж нэг уулзсан. Өчигдрөөс хойш бас яриад, уулзаж, ярих асуудал байгаа гээд байгаа. Би хөдөөний юм мэдэхгүй хүн болохоор хажуудаа хууль мэддэг хүнтэй очихгүй бол болохгүй гэсэн хариу өгсөн. Хуулийн зөвлөх авсан байгаа. Тэр хүнтэйгээ очиж уулзана даа.
-Эмчилгээний зардал мөнгийг нь цаанаас нь дааж байгаа биз дээ?
-Тэгсэн. Би ойр зуурын боолт, эм тарианы л мөнгө гаргаж байгаа. Гэхдээ энэ хот гэдэг газар чинь хөдлөөд л мөнгө юм. Энд ирээд сар болох гэж байна. Одоо дахиад хэр удахыг хэлж мэдэхгүй юм. Мөнгө санхүүгээс авахуулаад ар гэрийн ажил төрөл ч хэцүүдлээ.
-Эмнэлэгээс хэзээ гарах вэ?
-Ёстой мэдэхгүй байна. Энэ чинь цэргийн эмнэлэг, тэгээд хүү мань цэргийн албандаа одоо хэр байгаа болохоор миний дураар гаргахгүй юм билээ. Одоо бие нь зүгээр болонгуут цэргийн анги руу нь авч явна гэсэн. Миний хувьд цэргийн анги руу нь буцаахгүй талаас нь хөөцөлдөж байгаа. Хагалгаа хийлгээд, оёдолтой байгаа хүнд цэргийн амьдрал яаж нийцэх юм бэ. Хэрвээ гаргаад авчихвал хувийн эмнэлэг юу байна, хүүгээ эрүүл саруул болтол нь явах газар байвал бүх газраар нь явна. Эрүүл байвал арга нь олдох байлгүй дээ.
-Та холбогдох газруудад нь өргөдөл гомдол гаргав уу?
-Гаргасан. Уржигдар улсын ерөнхий прокурорын газар, Хил хамгаалах ерөнхий газарт энэ асуудлын хурдан шийдэж, тэгэхдээ Улаанбаатар хотод шийдэж өгөхийг хүссэн өргөдөл өгсөн. Адилхан л тэмцэнэ.
-Хил хамгаалах газрын эх сурвалж энэ хэргийг Увс руу шилжүүлсэн гэж өчигдөр хэлсэн байна билээ?
-Мэдэхгүй. Надад лав юу ч дуулгаагүй. Би өргөдөлөө өгчихөөд байж байгаа хүн. Хэрвээ тэгж хэлсэн бол өнөөдөр асууж сураглана даа. Надад мэдэгдэхгүйгээр ингэж шийднэ гэж байхгүй байлгүй дээ.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ