Жаран мянган буу, 6000 бугатай улстай юу ярих вэ

Монголчууд ан, амьтдаа ид тоолж байна. Бөхөн, аргаль, мазаалай гээд л. Нэг тоо гарах нь гарах байх. “Хөдөө тал минь ангаар дүүрэн” хэмээн бид дуулдаг. Үнэндээ ч тийм байсан. Дорнын талын цагаан зээр Баян-Өлгий хүртэл бэлчиж, газрын “шар тос” тарвага нь Монголыг бүрхэж байсан цаг бий. Монголыг ан, малаар нь монголчуудыг анч, малчнаар нь ч дууддаг үе байжээ.

“Харгайг нь дагаад гарвал халиун халтар буга нь бутардаг” гэж “Алтайн магтаал”-д зүгээр нэг хэлээгүй байх аа. Аав, ээж маань сонин, сонин юм дурсдаг л байсан юм. Даанч хүүхэд байсан болохоор анзаардаггүй байж. Хамгийн сонирхолтой хэсгээс нь ганц нэгийг санах гэж оролдъё. Манайх Баян-Өлгийн Алтанцөгц сумын айл л даа. Цаст Цамбагарав, Тэхтийн цаст уулсын бэлээр намаржиж, өвөлждөг байжээ. Аав, “Багадаа нэг удаа хэдэн сарлагаа уулаас буулгахаар Хөх цахир өөд мацав. Гэнэт дээрээс чулуу нурлаа. Гайхаад харвал ганган цоохор ирвэс явж байдаг байгаа” хэмээж билээ. Арай үгүй байлгүй дээ гэж бодож суусныг минь яана.

Ээж, “Би ч бас хэдэн сарлагаа хурааж явтал хажуугаас чоно босоод шогшсон удаатай” гэсэнсэн. Энэ бүгд юу өгүүлнэ вэ гэвэл, ёстой л ангаар элбэг Алтай байсныг хэлсэн хэрэг. Одоо бол үзээд өгье ч байхгүй дээ. Баруун аймгаас Улаанбаатар ортол тарваганы бараа тасардаггүй байсан гэвэл одоогийн залуус лав итгэхгүй. Арга байж уу. Тэд нүдээр үзээгүй юм чинь хэрхэн итгэх билээ. Монголын тарвага гурван янзыг би мэднэ. Баян-Өлгийгөөс Говь-Алтай хүртэл хар, Говь-Алтайгаас Баянхонгор өнгөртөл шаргал, Баянхонгороос Улаанбаатар давтал цагаан тарвагатай. Газрын өнгөө дагаад тэр л дээ.

Ийм их ан тэгээд хааччихав гэдэг асуулт гарна. Зах зээлийн дуулианаар хядаад дууссан шүү дээ. 70 мянган буга намнасан нэртэй жүжигчин ч буй. Гэх мэтээр агнасаар ан гэдэг нийтлэг, зарим нэг оноосон нэр л үлдэх шив. Цаашид ч хядах байх. Ямар сайндаа тарвагаа дуусгаад, агнахыг хориглосон хууль гаргаж, хөшөөг нь босгож байхав. Ингэтлээ дампуурсан даа, бид. Энэ бичвэрийн гарчигт анализ хийцгээе л дээ. Манайд “ангийн” тодотголтой бас бүртгэлтэй буу 60.000 байдаг юм байна. Албан ёсны баримт шүү. Түүгээр агнах амьтан, тухайлбал, буга 6000 хүрэхтэй, үгүйтэй гэх. Эндээс нэг жишиг харагдаж байна уу. Ийм байхад, “Хөдөө тал минь ангаар дүүрэн” гэж дуулах боломж лав байхгүй дээ.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ