У.Мөнх-Эрдэнэ сорилгод оролцохгүй бол З.Энхзориг дэлхийн аваргад явна

Ирэх 10 дугаар сард Боксын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Алма-Ата хотод болно. Дэлхийн аваргын эрэгтэйчүүдийн 10 жингийн нэмэх, хасах 91 кг, 52 кг-ын жингээс бусад 7 жинд манай улсын ширэн бээлийтнүүд хүч сорино. Манай орны хувьд 64 кг-ын жингээс бусад жинд эх орноо төлөөлөн оролцох тамирчдын нэрс тодорсон. Харин 64 кг-ын жинд оролцох тамирчны нэрс хараахан тодроогүй байна. Монголын боксын холбооноос МУГТ, боксчин У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ З.Энхзориг хоёрыг сорилгод оруулж, ялагчийг нь Боксын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулна гээд байгаа аж. Харин МУГТ, боксчин У.Мөнх-Эрдэнэ үүнийг эсэргүүцэж “Би дэлхийд 64 кг-ын жиндээ чансаагаараа нэгдүгээрт бичигдэж байгаа. Гэтэл намайг зөвхөн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн хүнтэй адилтгаж байгаа нь сонин санагдаж байна. Ядаж ДАШТ, Олимпоос медаль авсан тамирчин бол яахав. Гэтэл оюутны спортын наадмаас ч медальгүй ирсэн тамирчинтай намайг өрсөлдүүлэх гээд байгааг гайхаж байна” хэмээсэн юм. Тэгвэл МБХ-ноос сорилын хугацааг хойшлуулж энэ сарын 20-нд зохион байгуулахаар болжээ. Хэрвээ У.Мөнх-Эрдэнэ гавъяат оролцохгүй бол З.Энхзоригийг шууд дэлхийн аваргад явуулах юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ