Хятад ороолт тавыг аваад зүүсэн дээр

Монголчууд маань үндэсний үйлдвэрлэл хэмээн сүүлийн хэдэн жил чихнээс чийртэй хонх уялаа хөөрхий. Бас ч үгүй элгэмсэг ард түмэн учраас үндэсний үйлдвэрээ сонгоно хэмээн үглэж л харагддаг. Үүн дээр нь дөрөөлөөд өнөөх “Үндэсний үйлдвэрээ дэмжье” гэдэг өхөөрдөм уриа гараад амжсан. Монголын үндэсний томоохон үйлдвэрлэгчийн тоонд АПУ, СББ, MCS, Мон-Фрэш, Витсамо, Витафит, Талх чихэр, Өгөөж, Мах импекс, СҮҮ гэх мэтчилэн тоотой хэдэн нөхдүүдийн нэр торойсоор орж ирнэ. Та анзаарсан байх манайхан ихэвчлэн уух төрлийн зүйлээр занималддаг гэдгийг. Учир нь шингэн төрлийн зүйл үйлдвэрлэхэд төвөг багатайгаас гадна одоо үед бүрэн автомажсан технологи нэвтэрсэн учраас ажиллах хүч бага шаарддаг. Тэгээд дээрээс нь Хятадаас сироп, сав баглаа боодлоо авчихдаг. Өгөөжийн агуулахаас Хятад гурил тонн тонноороо гарч байсан нь саяхан мэт санагдана. Хиаманд хийдэг гахайн өөх, амтлагч, бас бус химийн бодис нь мөн л урдаас орж ирдэг. Дээр нь манайд зарагддаг бүх архины шил, спирттэйгээ урдаас зөөгдөнө. Мөн Монголд савласан Тетра-Пакийн савлагаатай бүхнийг доод талыг нь нэг ажиглаад хараарай ханз харагдана гайгүй. Өчнөөн сая малтай хирнээ Солонгос, Хятад, Оросоос сүү сүүн бүтээгдэхүүн импортлоно. Сүү ХХК гэхэд л янзан бүрийн “но” илэрч л байдаг. Тэдний зайрмагны түүхий эдийг хаанаас авдгийг би дурьдах нь илүүц биз ээ. Юу ч үйлдвэрлэсэн урд хөршөөс ихээхэн хамааралтай учраас та ямар зүйл хүнсэнд хэрэглэж байгаагаа нэг анзаарахад гэмгүй л байх.

Үндэсний үйлвэрлэлээ дэмжих гээд үндсэрхэг үзэл гаргаад л авах гэхээр зарим нь хэрэгцээ хангахгүй байх юм. Манайхан арай дөнгүүр юм аа гадаад руу гаргачихаад гологдлуудаа дотооддоо нийлүүлээд байдаг юм уу хаашаа юм. сайн хийвэл хэн ч авна ш дээ. одоо бүр хулхи болчихсон юм уу. Дээр үед юм их чанартай байсан гэсэн. Ямартаа ч эдлээд хэрэглээд, идээд уугаад байж болдог байсан гэж ээж аав ярьдийн. Одоо зарим нь арай дэндүү чанаргүй болчихсон юм шиг байна лээ. Өнгөрсөн жил би 50 мянгаар ноолууран ороолт авсан. Тухайн үедээ дулаахан сайхан байсан ч хуучраад өнгө зүс алдаад нимгэрээд муухай болчихдог юм байна лээ. Хайран мөнгө. Тэрний оронд энэ мөнгөөр хятад ороолт тавыг авсан бол ээлжилж зүүгээд гоё байхгүй юу. Энэ байдал хэрхэн зохицуулагдаж хэзээ өөрчлөгдөх бол. Өндөр үнэтэй тэгээд чанаргүй монгол бараа авснаас хямдхан бараатай хятадыг баярлуулдагийг буруутгах аргагүй шүү дээ. Тэгээл баяр болхоор хямдрал гээл бөөн сүр болно. Хачин хачин сэрмийсэн юмаа нээх хямдруулцан энээ тэрээ гэнэ. Тэрийг нь авдаг хүн байдаг л байхдаа. Зүгээр л чанартаа тааруулж үнэ зохиодог баймаар юм.

За тэгээд тодруулбал дандаа архи, пивоны үйлдвэр сүүлийн үед илүү хөгжөөд бүр шагнал урамшуулал ч аваад байх шиг.., Яахав энэ амжилт байж болно. Харин иймэрхүү амжилт миний Монголд олон хэрэггүй ээ.Үндэсний үйлдвэрлэл гэж архи, шар айргыг лав хэлэхгүй. Хятадаас том торхонд хийсэн жимсний шүүс авчираад сайхан саванд хийгээд байхыг бас хэлэхгүй. Мөн хэзээ ч гашилдаггүй хуурай сүүг шингэрүүлж элдэв юмаар баяжуулсан сүү гэхийг ч хэлэхгүй. Дээр нь гадаад эзэнтэй үйлдвэрүүдийг бас л хэлж болохгүй байх. Үндэсний гэдэг бол маш өргөн цар хүрээтэй ойлголт юм шүү дээ. Монгол гэдэг үндэстнийг дэлхийд төлөөлж чадахуйц тийм л бараа бүтээгдэхүүн үйлчилгээг хэлэх ёстой юм. Хэдэн гар урчуудын хийсэн улавч, түрийвч, түлхүүрийн оосорхоныг үндэсний үйлдвэрлэл гэж бодох хэрэггүй. Тэр бол гар урлал. Бид арьс шир, ноос ноолуур, мах сүүгээ өөрсдөө дотооддоо боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болмоор байна л даа. Энэ чинь л жинхэнэ үндэсний үйлдвэрлэл байхгүй юу.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж би их боддог. Даан ч ариун цэврийн цаас нь олон давхарлахгүй бол цоорчихно, архийг нь уухаар хордчихно, шар айргийг нь уухаар шартчихна, сүүг нь хэрэглэхээр найруулсан хуурай сүү, ундаа шүүсийг нь хэрэглэх гэхээр гаднаас авчирсан сироп, торхоор зөөж ирсэн химийн хор гэх мэтээр их гомдоох юм байна ш дээ. Тэгсэн мөртлөө үндэсний үйлдвэрлэгчид ч гэх шиг хий хоосон яриа. Биднийг дэмжихгүй бол хөгжихгүй гээд сүрдүүлээд ч байх шиг.

Бид үндэсний үйлдвэрлэлээ чадах ядахаараа дэмжээд л байдаг ш дээ. Гэтэл өнөөдүүл нь өгөр царайлаад өмнөд хөршөөс бараа материалаа татаад байхад бид хэнд итгэх болж байнаа. Үндэсний үйлдвэрээ дэмжсэний үйл лайгаар хэрэглэгчид бид хохирох ёсгүй биз дээ. Хэрэглэгч та хаан гэдэг байх аа? Хаантангууд минь Монголд үйлдвэрлэв гэсэн болгон Монголд биш энүүхэн алаг хотод аминчхан захиалж хийлгэдэг гэдгийг бүү мартаарай.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ