Үр шилжүүлэн суулгах аргаар 13 эмэгтэй жирэмсэлжээ

Анх 1978 онд Их Британид хуруу шилний хүүхэд мэндэлж байжээ. Харин Баянгол эмнэлэгийн “Үр шилжүүлэн суулгах төв” нь анх 2011 оны 5 сард нөхөн үржихүйн чиглэлээр үр шилжүүлэн суулгах технологи бүхий тоног төхөөрөмжийг Герман улсаас оруулж, үйл ажиллагаагаа тухайн оны 11 дүгээр сард эхлүүлсэн байна. Нөхөн үржихүйн анагаах ухаанд үргүйдлийг эмчлэх олон аргууд хэрэглэгдэж байгаа ба тэдгээрийн дотроос IVF(In Vitro Fertilization) буюу хуруу шилэнд үр тогтоох арга нь үргүйдлийг эмчлэх хамгийн үр дүнтэй аргад тооцогддог. Төрөлжсөн нарийн мэргэжлийн Баянгол эмнэлэгийн “ Үр шилжүүлэн суулгах лаборатори” нь дэлхийн өндөр хөгжилтэй 30 гаруй оронд ашиглагдаж байгаа Герман улсын “Modern Technology Germany” компаний брэнд бүтээгдэхүүн бөгөөд хосуудын амьдралд аз жаргал, баяр баясгалан болж шинэ хүн бэлэглэдэг ачтан болоод байна. Тус төвд 2011 оны 8 дугаар сарын 15-наас хойш давхардсан тоогоор 700 гэр бүл хандсан байна. Үр шилжүүлэн суулгаж эхлээд өнөөг хүртэлх нэг жил найман сарын хугацаанд 47 хүн хамрагдсанаас 13 хүн жирэмсэлж түүнээс 8 нь хүүхдээ тээж байгаа гэнэ. Энэ нь мэргэжлийнхний үзэж байгаагаар өндөр үр дүн юм байна. Учир нь дэлхийн хэмжээнд үр суулгалтаар жирэмслэх магадлал 25-30 хувьтай байдаг аж. Ийнхүү манай хосууд гадаад орныг зорих хэрэггүй болж энэ асуудлыг эх орондоо шийдэх боломжийг Баянгол эмнэлэг бий болгожээ.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ