Т.Аятунгааг эрэн сурвалжлахаа зогсоолоо

 Филиппин улсын хууль сахиулах албаны хүсэлтээр олон улсын эрүүгийн цагдаагийн газар буюу Интерполоор манай улсын иргэн 21 настай Т.Аятунгааг эрэн сурвалжилж байсан. Учир нь түүнийг таван сартай хүүхдээ гадаад нөхрөөсөө хулгайлан зугтсан хэмээн хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан юм.

Тэгвэл Т.Аятунгааг Интерполоор эрэн сурвалжлах ажиллагааг зогсоогоод байна. Учир нь түүнийг хэрэгт буруутган хайж байсан Филиппиний талаас хүсэлт гарган, Интерполоос нэрийг нь хасуулжээ.

Гадаад харилцааны яамны өгсөн мэдээллээр Т.Аятунгааг өөрийн охин Ч.Тэргэлсартай зүй бусаар харьцсан хэмээн Филиппиний шүүхээр шүүгдсэн хэмээн мэдээлж байв. Гэвч шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан билээ. Т.Аятунгаагийн нөхөр Чарльз Эдвард Эрген түүнийг “Охинтойгоо зүй бус харьцсан. Амь насанд нь аюул учруулахыг завдсан” хэмээн тус улсын хуулийн байгууллагад хандсанаар Т.Аятунгаа шүүгдэж байсан аж.

Түүнчлэн Чарльз Эрген өөрийн фейсбүүк хуудастаа охин Ч.Тэргэлсарынхаа эмнэлэгт хэвтэж буй зургийг нийтлээд “Т.Аятунгаад зодуулснаас хойш одоо хүртэл биеийн байдал нь хүндбайна. Т.Аятунгаа охин Ч.Тэргэлсарыг хөнөөхийг завдсан хэргээр баривчлагдаж байсан. Тиймээс хүүхдийнхээ эсрэг хүч хэрэглэж, гэр бүлийнхээ хүнийг хөнөөхийг завдсан хэргээр шүүхэд дуудагдсан. Ч.Тэргэлсарыг эмнэлэгт үзүүлэхэд биед нь гэмтэл учирсан байсан учраас Т.Аятунгаад Филиппин улсын хуулийн дагуу 7610 дугаар зүйл ангиар хэрэг үүсгэж, шүүх хурал нь болсон. Т.Аятунгаа ер нь сэтгэл санаагаар унасан үедээ ихэнхдээ архи уудаг. Архи уусан үедээ ямарч гэмтэлгүй Ч.Тэргэлсарыг газар луу шидсэн. Дараа нь эмнэлэгт надтай муудалцаж, миний түүнд өгсөн “Iphone 5”-ыг эвдэлсэн” хэмээн бичиж байв.

Харин Т.Аятунгаа “Намайг Интерполоор эрэн сурвалжлах ёсгүй. Би хохирогчоор тогтоогдсон. Миний охин Ч.Тэргэлсарыг аав нь салхилуулна гэж авч гараад эргэж ирээгүй. Би охиноо өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-нд алдсан. Охиноо амьд байгаа эсэхийг ч мэдэхгүй байна” гэсэн юм.

Юутай ч түүний охины хэрэгт УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч Интерполоор эрэн сурвалжлахаа зогсоолоо. Харин манай улсын зүгээс Филиппиний хууль хяналтын байгууллага руу Т.Аятунгаагийн нөхөр Чарльз Эдвард Эргенийг олох хүсэлт явуулжээ.

Б.Чимэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ