“Камертон-2”: Хэн ч хэн нэгний хоёр дахь байхыг хүсдэггүй

"Камертон-2" шоуны ялагч болсон залуустай ярилцсанаа хүргэе.
-Уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцаач?
- Бид уран бүтээлээ хийж эхэлж байна. Гэхдээ одоогоор хэнд ч хэлэхгүй нууцална. Бүх зүйл бэлэн болсны дараа гарч ирвэл гоё шүү дээ.
-Уншигчид сонирхож байгаа байх. Ганц нэг уран бүтээлийн нууцаасаа задруулж болохгүй юу?
-Болд ахын хийсэн R&B урсгалын хоёр, бид өөрсдөө хийсэн нэг поп дуу байгаа. Нэрийг нь бол үнэндээ хэлмээргүй байна. Намраас хийсэн дуунууд маань цацагдаж эхэлнэ. Одоо хувийн бэлтгэлээ хангаад л явж байна.
- Дуучин Д.Болд та нарыг өөртэйгөө адил Монгол поп урсгалаар дуулуулна гэж сонссон. Энэ үнэн үү?
-Монгол поп урсгалаар ганц, хоёр дуу л хийх байх. Тэрнээс биш цаашид дандаа энэ урсгалаар уран бүтээл туурвихгүй. Soul, R&B, поп урсгалаараа дөрвөн хоолой салгаж дуулаад явна гэж бодож байгаа.
-Өдөр бүр бэлтгэл хийж байгаа юу?
-Манай Зоригоо нислэгтэй, Оргил хичээлтэй. Тэгээд бид хэд ажил хичээлийнхээ цагийн зохицуулж байгаад бэлтгэлээ хийдэг. Хоолойныхоо бэлтгэлийг л түлхүү хийж байна даа.
-Тэмцээнд орохоос өмнө, орсны дараахь та нарт гарсан өөрчлөлт ?
-Бид хэдийн амьдрал арай л баталгаатай болж байгаа юм. Өмнө нь продюссер байгаагүй. Одоо бол уран бүтээлээ л сайн хийгээд явахад бид хэдэд асуудал байхгүй болсон. Камертон хамтлагийн ах нартаа их баярлаж явдаг шүү. Энэ тэмцээнийг зохиогоогүй бол бид их л олон асуудалд санаа зовж явах байсан.
-Дуулах дуугаа өөрсдөө сонгодог уу, цаанаас чинь үүнийг дуул гэж хийж өгдөг юм уу?
-Хийсэн дууг нь дуулна л даа. Гэхдээ бид чинь тусдаа хамтлаг болохоор бусдын амаар байнга явна гэж юу байхав. Тухайн дуундаа өөрсдийн санаа бодлоо нэмэрлээд өөрчлөхийг нь өөрчлөөд дуулдаг.
-Өөрсдөө дуу хийсэн гэсэн. Бүгд шүлгийн авьяастай байх нь ээ?
-Тийм ээ. Манайхан бүгд шүлэг бичих гэж оролддог. Бас ая хийх гэж оролдоно.
-Дуучин Болд та нарын хэлний бэлтгэлд явуулна гэсэн. Хэзээ явах вэ?
-Зургадугаар сарын дундуур хоёр сарын хугацаатай яваад ирнэ.
-Цомог хэдийгээр гарах вэ?
-Зургадугаар сард Сингапур луу явахдаа бид цомгийн бичлэгээ хийж эхэлнэ. Тэгээд намраас дуунуудаа цацна. Гол нь бид их яарахгүй байгаа. Камертон хамтлагийн нэр дор гарч ирсэн болохоор чанар, бэлтгэл сургуулилалт их хэрэгтэй. Нэлээн бэлтгэл хийж чанартай уран бүтээл гаргахгүй хоёрын хооронд дуу гаргах нь сонин биш. Хаа сайгүй л тийм байгаа. Бид харин өөрөөр бодож байгаа шүү. Чанар гэдэг үг бол манай хамтлагийн гол чиг гэж ойлгож болно.
-Цомогт хичнээн дуу орох вэ?
-Арав гаруй дуу орох байх аа.
-Хамтлаг дуучид цомог гаргаад тоглолт хийдэг шүү дээ. Танай хамтлагийн тоглолтын сураг хэзээгээр вэ?
-Арваннэгдүгээр сарын үед тоглолтоо хийчих байх аа. Харин тэрнээс өмнө хөгжимгүй, зөвхөн хоолойгоо гаргасан acapella маягийн тоглолт хийнэ. Гэхдээ телевизийн шууд нэвтрүүлгээр орох байх. Амьд тоглолт гэсэн үг л дээ. Тэрнийхээ бэлтгэлийг хангаж байна.
-Фэйсбүүкээр та нарын дуулсан дуу нилээд тарсан байна билээ?
-Тэр хамтлаг байгуулагдахаас өмнө тэмцээний үеэр дуулсан дуу. Одоо бол бид дөрөв дан дангаараа дуулахгүй.
-Бэлтгэл хийж байхдаа зөрчилдөх үе байх уу?
-Ер нь гайгүй шүү. Зорилго, чиг нэгтэй учраас хэн нэгнийхээ алдааг хэлвэл нөгөөх нь хүлээж аваад л засаад явчихдаг. Хэрүүл маргаан хийгээд байх шаардлага гардаггүй юм даа.
-“Камертон-2” шоунд ороогүй байсан бол та хэд юу хийгээд явж байх байсан бол?
-Бид ингээд бэлтгэлээ хийгээд сууж байх байсан.
-Тэмцээнээр л нэгдсэн биз дээ. Ингээд бэлтгэл хийж байх байсан гэж үү?
-Бид гурав угаасаа нэг хамтлаг байсан. Бүтэн нэг жил хөдөлмөрлөж энэ тэмцээнд орсноор Зоригоогоо олж авсан. Бидний шагналын 150 саяаас илүү том бэлэг маань Зоригоо шүү дээ. Нэг найзаа олоод авлаа, сайн продюссертэй боллоо. Үүнээс илүү юу хүсэхэв дээ.
-Нээрээ 150 сая төгрөгөөр шагнуулсан. Хүмүүс тэр мөнгөө яасан юм бол гэж бодож байгаа байх?
-Бэлнээр 150 сая төгрөг авчихаад байгаа юм биш шүү дээ. Энэ мөнгө бол таван жилийн хугацаанд бидэнтэй ажиллахдаа уран бүтэээлд маань зарцуулах мөнгө. Гэрээндээ тэгээд заачихсан. Хүмүүс буруугуур ойлгоод байгаа юм шиг байна билээ.
-Хэдэн жилийн дараа танай хамтлаг ямар болсон байх бол?
-Ямар ч байсан зорьсон зорилгодоо хүрнэ. Арван жилийн дараа гэхэд одоо хийж байгаа уран бүтээлээ голох хэмжээнд хүрэх байх гэж бодож байна.
-Дуучин Д. Болд бэлтгэлд чинь тусалж байгаа юу?
-Үгүй ээ. Ерөнхийд нь хянадаг. Бэлтгэлээ бид өөрсдөө хийдэг.
-Цаашид “Камертон-2” гэсэн нэрээрээ л явах уу?
-Өөр нэртэй болно. Нэрээ ч сонгочихсон байгаа. Гэхдээ бас л хэлж болохгүй. Угаасаа цаг нь болохоор бүх хүн мэднэ шүү дээ.
-Та хэд Камертон хамтлагтай яах аргагүй харьцуулагдах байх. Тэгэхээр тэднээс юугаараа ялгарч, илүү байна гэж бодож байна?
-Мэдээж хэн ч хэн нэгний хоёрдогч байхыг хүсэхгүй. Бид чадах хэмжээгээрээ л зүтгэж байгаа. Хүн бүр дотроо өөр өөрсдийнхөөрөө дүгнэх байлгүй дээ. Бид мундаг байж чадахгүй ч байж магадгүй. Тийм болохоор үзүүлээд өгнөө гээд орилоод байж чадахгүй. Камертон хамлагийн ах нараас өөр цэвэр бакалны, хоёр Тионор, баритон, базз хоолойтой дуулдаг хамтлаг байхгүй. Тийм болохоор тэр орон зайг ямар ч байсан нөхөж чадна гэдэгтээ итгэлтэй байна.
-Та бүхэнд амжилт хүсье.
Б.Баярмандах:
Луу жилтэй, хөгжим сонсох, кибер спортоор хичээллэх дуртай.
Б.Оргил:
Морь жилтэй, хоол хийх, ном унших, кино үзэх, хөгжим сонсох дуртай.
Б. Замбалгарав:
Туулай жилтэй, сагс, плэйстэйшн тоглох, кино үзэх хоббитой. Нүдний шил, үнэртэй ус цуглуулдаг.
Д.Зориг:
Луу жилтэй. Фитнессээр хичээллэх, морь унах, цаг цуглуулах дуртай.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ