Ажнайн Д.Бат-Эрдэнэтэй холбоотой шүүх хурал 15.00 цагаас болно

Батлан хамгаалахын сайд, Ажнайн босс Д.Бат-Эрдэнэ болон "Таван толгой" ХК -тай холбоотой шүүх хурал Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд 15.00 цагаас болно.
2009 онд “Таван толгой” ХК-д шалгалт хийж албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, нүүрсийг хууль бусаар дамжуулан экспортлосон, татвар нуун дарагдуулсан гэх мэт олон зөрчил илэрсэн байдаг. Тухайлбал,
- “Таван толгой” ХК 2004-2008 онд нийт 80 тэрбум төгрөгийн татварыг төлөлгүй нуун дарагдуулсан./ Д.Бат-Эрдэнэ Таван толгой ХК-ийн 49 хувийн хувьцааны дийлэнхийг эзэмшдэг/
- Тусгай зөвшөөрлөөр олборлодог, дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй, сайн чанарын коксжих нүүрсийг нэг тонныг 3.1-25.00 ам.доллар буюу дотоодын зах зээлээс 7.7-2.9 дахин хямд үнээр борлуулсан.
- “Таван толгой” ХК 2006-2008 онд 89.200-44.496 сая төгрөгийн орлого, ашигтай ажилласан байхад тус компаниас тээвэр зуучлалын эрх авсан “Таван толгой Транс” ХХК /Д.Бат-Эрдэнийн эзэмшилд байдаг/ түүнээс илүү орлоготой буюу 104.746.5-10.890.8 сая төгрөгийн ашигтай ажилласан байна.
- “Таван толгой” ХК-аас нүүрс худалдан авч борлуулдаг болон үйл ажиллагааны холбоотой “Пүшинговь”, “Голдентрайнгле”, “Дээдийн говь”, “Говь урал”, “Пүшинмон”, “Энк”, “Таван толгой транс”, “Баян-Уул” ХХК-ууд болон ТУЗ-ын гишүүдийн сүүлийн 1-5 жилийн татварын ногдуулалт төлөлтийн байдалд хийсэн шалгалтаар 213,861,8 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Үүнийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, 1,521,7 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Пүүшин зэрэг хятадын компаниудтай нүүрс худалдан авах гэрээ байгуулахдаа Монгол Улсын Засгийн газраас тогтоосон жишиг үнээс доогуур, хэт бага үнээр борлуулж, татвараас зугтаасныг татварын улсын байцаагчид баримтаар тогтоожээ.
Сайн чанарын коксжих нэг тонн нүүрсийг 3.1 ам.доллараар борлуулж байв.
“Таван толгой” ХК-иас нэр бүхий улсын байцаагчдын тогтоосон 2009 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 0300908 тоот актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гэвч татварын байцаагчид хөдлөшгүй баримтуудыг гаргаж ирж тавьсан учир орон нутгийн “Таван толгой” ХК 57 тэрбум төгрөгийн татвараас зайлхийсэн байна гэж Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх 2012 оны 10 дугаар сарын 1-нд шийдвэрлэжээ. Гэтэл Таван толгой ХК өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төсөвт төлөөгүй байна. Түүгээр ч зогсохгүй хөөцөлдөж гүйсээр хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж дөнгөжээ.
“Таван толгой" ХК Улсын дээд шүүхэд хянуулах гомдол гаргаад шинээр илэрсэн нөхцөл байдал мөн байна гэж дүгнүүлээд хэргийг анхан шатны захиргааны хэргийн шүүхэд шилжүүлсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ