Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Энэ сарын 27-29-ны өдрүүдэд Монгол улсад "Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал" зохион байгуулагдахтай холбогдуулан манай улсад дэлхийн 100 гаруй орны мянга гаруй зочид, төлөөлөгчид, төрийн тэргүүн, сайд нар ирнэ. Энэ өдрүүдэд цагдаагийн байгууллага, алба хаагчид тэдгээр зочид, төлөөлөгчдийг Монгол улсад байх хугацаанд аюулгүй байдал, хэв журмын хамгаалалт, зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллахаар болжээ. Тиймээс ЦЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг томилогдон, төлөвлөгөө, зохион байгуулах ажил, хүн хүч, техник хэрэгсэлийг төлөвлөн ажиллаж байна.

Мөн чуулга уулзалт үргэлжлэх хугацаанд цагдаагийн байгууллага хоёр үндсэн зорилт тавин ажиллана. Тодруулбал, нийслэл хотын оршин суугч, иргэд, зочилон ирсэн зочид төлөөлөгчдөд цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг 24 цагийн турш хүргэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах, Ардчилсан намын үндэсний чуулган зохион байгуулагдах барилга байгууламж, зочид төлөөлөгчдийн арга хэмжээний үед аюулгүй байдлыг хангаж ажиллах юм байна.

Түүнчлэн ЦЕГ-ын МШУТөвийн 102 утас дуудлага авах шугамыг нэмэгдүүлж, НҮБ-ын зөвшөөрөгдсөн таван хэл дээр мэдээлэл авах алба хаагчдыг ажиллуулах, дүүргүүдэд гадаад хэлтэй алба хаагчдыг томилон ажиллуулах, гадаад хэлтэй зэвсэгт хүчний алба хаагчдыг авч ажиллуулахаар болжээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ