Эрүүл мэндийн салбарт сайн засаглал нэвтэрнэ

Эрүүл мэндийн яаманд ажил эрхэлж байсан хүмүүстэй холбоотой, гэмт хэргийн шинжтэй асуудал гарч, шалгагдаж байгаатай холбогдуулан авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод нээлттэй байлгах, төрийн албан хаагчдыг ашиг сонирхлоос ангид байлгах ажлыг эрчимжүүлэхийг тулд Эрүүл мэндийн сайдын 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “Авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай” 125 дугаар тушаал гарсан байна.

Үүнтэй уялдуулан эрүүл мэндийн салбарт сайн засаглалыг нэвтрүүлэхээр Эрүүл мэндийн яамны дотоод аудитын хороо өнөөдөр хуралдав. Уг хурлаар эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, төсвийн зарцуулалт болоод, тус хорооны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг авч хэлэлцжээ.

Төсвийн ерөнхийлөн захирагч буюу Эрүүл мэндийн сайд ЭМЯ-ны дотоод аудитын хороог ахлах бөгөөд, тус хороо нь эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиглэлээр тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, дотоод аудитын үйл ажиллагаа нь ил тод, бие даасан, хараат бус байж, аудитын дүнг бодитой, үнэн зөв, шударгаар тайлагнах юм байна.

Түүнчлэн тус хороо төсөв, санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, гэрээг мөрдөж байгаа байдал, төсвийн хөрөнгийн зүй зохистой, үр ашигтай зарцуулалт, төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, зарцуулалт, түүний үр ашигтай байдал, төрийн сангийн үйл ажиллагаа, нягтлан бодох бүртгэлийн үнэн зөв, найдвартай байдал, санхүүгийн мэдээллийн үнэн зөв, найдвартай байдал, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл, ашиглалт, зарцуулалт, өмчлөл, эрсдэлийн удирдлагын тогтолцооны үр ашигтай байдал, төсвийн ерөнхийлөн захирагч болон тухайн байгууллагын даргын шийдвэрээр тусгайлан явуулах бусад аудит, холбогдох стандартын хүрээнд тодорхойлсон бусад аудит зэрэгт хяналт тавьж ажиллах юм.

Мөн өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболдыг урьж, хамтарч ажиллах хүсэлт тавин хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийн хүрээнд авлигатай тэмцэх чиглэлээр соён гэгээрүүлэх, сургалт явуулах, салбар дотор сургагч багшийг бэлтгэх, эрүүл мэндийн салбарт гарч болзошгүй авилгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо. Юуны өмнө авилга үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг дүрэм, журмыг өөрчлөх, хууль тогтоомжид байхгүй төлбөрийг иргэдээс авахгүй байх, хуулиар хориглосны дагуу давхар хөдөлмөр эрхлэлтийг зогсоох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хороог Дэд сайдаар ахлуулан ажиллуулах зэрэг асуудлаар хамтарч ажиллах юм байна. Цаашид эрүүл мэндийн салбарынханд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зорилгоор өргөн хүрээтэй ажлуудыг зохион байгуулахаар хамтын ажиллагааны санамж бичгийг үйлдэхээр болов.

Эдгээр өдрүүдэд Эрүүл мэндийн сайд сайн засаглалтай холбоотой асуудлаар эрүүл мэндийн салбарын ажилчид, албан хаагчид болон иргэдийн саналыг авах хайрцгийг ЭМЯ дээр ажиллуулж эхэллээ.

 Б.Бурам

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ