СТА Э.Төрмандах: Тэр эмэгтэй лоозон барьж ирсэн ч миний тоглолтыг зогсоохгүй

-Тоглолтоо хийх гэж байгаад баяр хүргэе. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Монгол бөхийн өргөөнд бие даасан “Аархал” тоглолтоо хийх гээд бэлтгэл ерөхийдөө хангагдаад байна. Тоглолтод гавьяат жүжигчин Д.Түвшинтөгс, морины Г.Батбаяр ах, дуучин Цолмонбаяр, Гансувд  нар оролцоно. Тоглолт 2 цаг 30 минут үргэлжилнэ.

-Яагаад “Аархал” гэж нэрлэв?

-Миний уран бүтээлүүдээс хамгийн их хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрсэн дуу маань энэ дуу юм л даа. Тэгээд ч бид бүхэн монгол хүн болж төрснөөрөө үргэлж аархаж омгорхож бадарч явах ёстой хүмүүс. Тийм болохоор яалт ч үгүй ингэж нэрлэсэн.

-Таны дуунууд маш хурдан олон түмний сонсох дуртай дуу болж чадах юм. Нууц нь юунд байна?

-Би бодохдоо сэтгэл зүрхнээсээ хийсэн уран бүтээлүүд болохоор ингэж олон түмний сонорт хүрдэг юм болов уу гэж боддог. Миний урын санд 150-иад дуу байдаг. Олон түмэнд хараахан хүрээгүй, цацагдаагүй сайхан дуунууд ч олон байгаа. Би 2010 онд “Сайхан”, 2012 онд “Борхон зүрхний аав”, 2013 онд “Аархал” цомгоо гаргалаа. Энэ тоглолт миний цомгийн баяр юм даа. 2011 онд “Зүүдний шувуу шиг бүсгүй” нэртэй анхны тоглолтоо хийж байсан. Энэ хоёр дахь тоглолт. Хоёр өдрийн тоглолтын билет дуусчихсан, нэмэлт суудал тавьсан. Үзэгч, ард түмэндээ маш их баярлаж байгаа.

-Тоглолт дээр ямар нэг гэнэтийн бэлэг байгаа юу, ер нь яаж аархах гэж байна?

-Дуунуудаараа, монгол хүн болж төрснөөрөө л аархана. Гавьяат жүжигчин Г.Батбаяр ахтайгаа хамтарч морины тухай дуу дуулсан. Тэр дуугаараа сюрприз барина даа.

-Таны дээлнүүд их өвөрмөц загвартай харагддаг. Хэн хийдэг вэ?

- Урлагийн дээлнүүдээ Туул гэж эгчээр оёулдаг. Би өөрөө бодож байгаад аль болох өөр хүн өмсөөгүй өвөрмөц загвараар оёулахыг боддог л доо. Одоогоор 5,6-н дээл байгаа. Цаашид бүр олон болох байх аа.

-Таны үсний засалт их өвөрмөц юм аа. Яагаад ингэж засуулах болов?

-Нийтийн дуучин гэхээрээ л үсээ элдэв янзаар засуулж болохгүй гэсэн хууль байхгүй. Залуу хүн байна даа. Яавал залуу, стильтэй байх вэ гэж их анхаардаг. Азийн гурван удаагийн аварга “Видал” салоны үсчин Анхаа гэдэг залуу миний үсийг засдаг. Хоёр жилийн өмнө очоод “Намайг залуухан  харагдуулах засалт хийгээд өг” гэхэд л ингээд засчихсан. Тэрнээс хойш  үс засалтдаа үнэнч байгаа.

-Нийтийн дуучид гэхээр монгол дээл, монгол гуталтай байх ёстой юм шиг ойлголт байдаг. Та их стильтэй, спортлог юм аа даа?

Энд тэнд тоглолтод  оролцохдоо мэдээж дээл, костюм өмсөнө. Хүн л юм чинь чөлөөт хувцас өмсөлгүй яахав дээ. Биед амар сайхан шүү дээ.

-Брэнд хувцасны талаар ямар бодолтой явдаг вэ?

-Хааяа брэндийн хувцас өмсөх гоё байлгүй яахав.

-Ямар брэнд өмсөх дуртай вэ?

-Лойдын  гутал, Гучигийн пиджак өмсөнө. Гэхдээ учиргүй брэнд хөөгөөд явахгүй л дээ. Дөнгөж уран бүтээл хийж эхэлж байгаа бидэнд мөнгө төгрөгөөс эхлээд асуудал их. Тэгээд уран бүтээлдээ зарцуулах мөнгөөрөө брэнд хувцас аваад яваад байвал ямар хэрэг байх вэ. Тэгэхдээ аль алиныг нь зохицуулаад хүнд муухай харагдчихгүйхэн шиг  явахыг хичээдэг.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Уран бүтээлч хүмүүст ажлын цаг, чөлөөт цаг гэж заагласан цаг байдаггүй л дээ. Хааяа жаахан зав гарвал биллиард тоглох дуртай. Тэгээд тэндээ дахиад л ажил, уран бүтээлээ яриад байдаг юм даа.

-Ямар машин унадаг вэ?

- Одоо Lexus 470 унаж байгаа.

-Энэ хэд дэх машин бэ, өмнө нь ямар машин  унаж байв?

-Энэ гурав дахь нь. Өмнө нь гранд марк-2 унадаг байсан.

-Таныг багадаа спортоор хичээллэдэг байсан гэж сонссон. Энэ талаар?

-Монгол эр хүн бүр л багаасаа барилдах дуртай байдаг. Би ч мөн адил монгол үнэдсний бөхөө сонирхож сумын наадамд түрүүлж байсан удаатай.

-Багаасаа дуулдаг байв уу?

-Тийм ээ. Манай аав ардын авьяастан хүн байдаг. Аав маань намайг дуучин болоход нөлөөлсөн. Аавынхаа сайхан хоолойг нь өвлөж төрсөн би азтай хүн.

-Таны ах Э.Жамьян та хоёрт залилуулсан гэх эмэгтэй хэвлэлээр ярилцлага өгсөн байсан. Энэ үнэн юм уу, бас таны тоглолт дээр лоозон барьж очно гэсэн байсан. Үүнд тайлбар өгөөч?

-Шүүхээр хамаг асуудал нь шийдэгдчихсэн худлаа зүйл л дээ. Тэр эмэгтэй лоозон барьж ирснээрээ миний тоглолтыг зогсоож чадахгүй.

-Хэрвээ үнэхээр лоозон бариад ирвэл та яах вэ?

-Монголын ард түмэн хажууд минь байхад гайгүй байлгүй дээ.

-Тоглолтод  тань амжилт  хүсье.

-Баярлалаа.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ