Гурван ээлжээр хичээллүүлж байж юун Кембриж!

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцээд УИХ-ын зарим гишүүд Кэмбрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжих лобби бүлэг байгуулсан. Хөтөлбөрийн зорилгоо УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, С.Батболд, Х.Булгантуяа, Д.Батлут нар “Дэлхийн 160 улсад хэрэгжиж буй Кембрижийн хөтөлбөрийг ЕБС-ийн сурагчдын онцлогт нийцүүлэн олгох, дэлхийн их, дээд сургуульд элсэх, олон улсын тэтгэлэгт хамрагдах боломжийг жигд хүртээмжтэй бий болгох” гэж тайлбарласан.



Кембриж бол Монголын хувьд шинэ сэдэв огт биш. Арван жилийн өмнө, одоо АНУ-д Элчин сайдаар ажиллаж байгаа Ё.Отгонбаяр Боловсролын сайд байхдаа Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Англи-Монголын Засгийн газар хооронд гэрээ байгуулсан. Кембрижийн хөтөлбөрийг анхлан “Орчлон” дунд сургууль 2008 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Одоо нэлээд олон хувийн сургууль Кембрижийн сургалттай гэж өөрсдийгөө зарладаг. Төрийн өмчит сургуулиудаас “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж буй.


Тэдний зорилго нь Монголын боловсролын салбар дахь кэмбриж ба лабораторийн ялгааг арилгаж, бүгд тэгш боловсрол эзэмших боломж бий болгох гэнэ. Үүнээс үүдэж ахиад бөөн хэрүүл, бөөн талцал. Тухайлбал, кембрижийн хөтөлбөрийг Монголын төрийн өмчийн  90 сургуульд нэвтрүүлэх УИХ-ын шинхэн гишүүн Х.Ганхуягийн өөдрөг төсөөллийг “Шинэ Монгол” сургуулийн захирал асан П.Наранбаяр “бүтэшгүй санаачилга” гэж үгүйсгэв. Тэрбээр “Кембрижийн сургалтын хөтөлбөрийг дэлхийд нэвтрүүлдэг Английн төрийн бус байгууллагууд бий. Тэнд боловсруулсан стандарт, сургалтыг нэвтрүүлсний хариуд төгсөлтийн шалгалтуудыг хүүхдийн тоогоор ам.доллараар төлж өгдөг. Энэ бол боловсролын маш том импорт. Монголоос валют гадагш урсана. Үндэсний цөм хөтөлбөрийн оронд Кембрижийн хөтөлбөр хэрэгжсэнээр боловсролын тусгаар тогтнол бүрэн алдагдана” гэжээ.



Угтаа кембрижийн хөтөлбөрөөс өмнө Монголын боловсролын салбарт хийх, хэрэгжүүлэх олон шинэчлэлт хүлээж байна. Эхлээд гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудаа бүгдийг нь хоёр ээлжтэй болгочих ёстой. Адаглаад л модон жорлонтой хөдөөний сургуулиудаа орчин үеийнхээр солих хэрэгтэй. Хот хөдөө байтугай хотын зах, төвийн сургуулиудын хоорондын ялгаа газар тэнгэр шиг шүү дээ. Багш нарынхаа харилцаа, хандлага ур чадварыг дээшлүүлэх шаардлагатай. Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд маш сайн боловсролтой багш нар хэрэгтэй болно. Гэтэл манайд тийм багш нар ховор гээд олон асуудал байна.


Түүнчлэн Кембрижийн хөтөлбөр эдийн засгийн талаасаа олон сургуульд хэрэгжих боломжгүй. Угтаа Монгол Улс нэн тэргүүнд ЕБС-уудын тоог нэмэх буюу 200 орчим сургуулийн байр барих шаардлага бий. Гэтэл төсөв байхгүй гэдэг. Тэгвэл “Ирээдүйн өв сан” буюу ирээдүйд зориулж хадгалж буй төсвөөсөө өнөөдөр хүүхдийн боловсролд хөрөнгө оруулах хэрэгтэй. Одоогийн боловсролд хөрөнгө зарж байж, ирээдүйд тэд баялаг бүтээнэ. Сургуулийн тоог нэмэхгүйгээр хэчнээн сайн багшаар хичээл заалгаад ч нэг ангид 50-60 хүүхэдтэй тохиолдолд хичээл хүртээмжгүй хэвээр байх болно. Өөрөөр хэлбэл тэнд ямар ч сайн хөтөлбөр байгаад ч хөрсөн дээрээ буух болоогүй байна.


Угтаа бид дотоодынхоо нөөц бололцоонд түшиглэн өөрийн орны соёл, монголчуудын, монгол хүүхдийн онцлог, амьдралын нөхцөл байдал зэрэг бүх асуудалтай нарийн уялдуулах учиртай. Хатуухан хэлэхэд Англи улс өөрийн колони оронд суралцаж төгссөн хүүхдүүдийн сургалтын стандартыг шалгаж тогтоодог уламжлалаас үүдэлтэй бодлогыг Монгол улс хуулна гэдэг нь бодлогын хувьд сайн дураараа колоничлогдож байгаатай адил. Шийдвэр болгоны цаана үр дүн бий. Үүнийг бид хүссэн хүсээгүй хүртэж амьдарна. Тиймээс надад, танд хүртээлгүй бодлого, тогтолцоо гэж үгүй. Ялангуяа боловсролын бодлогод иргэдийн хяналт, оролцоо маш чухал юм.

 


Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ