"Хотын төвөөр хоёр цаг болоод л холхиод байцгаа" гэсэн шийдвэр үү?


Хүүхдүүдийн хичээл сургууль эхлэж, томчуудын ажил ундрах цагаар хотын төвийн зам түгжирч, уртаас урт дараалал үүсдэг. Нэг үгээр хэлбэл, замын түгжрэлд Улаанбаатарчууд хэдийнэ “дассан” гэлтэй. Түгжрэлд нэг хэсэг нь уцаарлан бухимдаж явахад, нөгөө хэсэг нь энэ цагаа хэрхэн зөв ашиглах вэ гэж толгойгоо гашилгаж суудаг. Тэгээд ч өнөөдрөөс хичээл сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхлэхээр энэ байдал улам ихсэнэ.


Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд өнгөрсөн жилийн өдийд замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваах шинэ зохицуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан. Гэвч иргэд шүүмжлэлтэй хандсан учраас шинэ зохицуулалтыг хэрэгжүүлэхээ больж, нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас өөр арга зам хайхаар болсон.

Энэ удаа тус газраас төр захиргааны байгууллага 09.00 цагаас ажил эхлэх, орон сууцны хорооллын дундах замыг нэг чиг болгох, зүүн эргэлтүүдийг хориглох зэрэг хязгаарлалт тогтоосон байна. Мөн түгжрэлийг бууруулах зорилгоор хотын төвд автомашиныг хоёроос илүү цагаар байрлуулахгүй байхаар болжээ. Энэ талаар Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Д.Чинзориг “Түгжрэлийг бууруулахаар ирэх сарын дундуур авто зогсоолын нэгдсэн системийг хэрэгжүүлэх гэж байна. Албан байгууллагын ажилчид өглөөнөөс орой хүртэл буюу 08.00-18.00 цаг хүртэл байгууллагынхаа авто зогсоол дээр машинаа тавиад орхичихдог. Энэ хооронд тухайн авто зогсоол ямар ч сэлгэлт хийх боломжгүй байдаг. Түүгээр үйлчлүүлж байгаа жолооч нар машинаа тавих боломжгүй, 20 гаруй минут зогсоол хайж явж түгжрэл үүсгэдэг. Тиймээс хотын төвд буюу их тойруу дотор автомашиныг хоёроос дээш цагаар байрлуулах боломжгүй байлгахаар зохицуулалтыг хийж байна” гэлээ.

Тэгэхээр албан байгууллагынхаа гадаа өдөржин машинаа орхидог хүмүүс нийтийн тээвэр эсвэл такси үйлчилгээг сонгох хэрэгтэй болох юм байна. Үүнийгээ дагаад нийтийн тээвэр, такси үйлчилгээг цогцоор нь шинэчилж, боловсронгуй болгох шаардлагатай болно хэмээн тооцоолж байгаа аж. Нийслэлийн хэмжээнд 150 байршилд 12 мянган зогсоол бий. Судалгаагаар 575 байршилд 25-30 мянган автомашины зогсоолыг стандартын дагуу байгуулах тооцоог гаргасан байна.

Тухайлбал, иргэн Дорж Хангарьд ордон орж, ажил хөөцөлдөх бол гэрээсээ аппликейшны тусламжтайгаар ойр орчмын зогсоолыг шалгаж, сул зогсоолоо захиалаад, үүдэнд нь QR код уншуулж хоёр цагтаа тааруулан төлбөрөө хийх юм. Энэ зохицуулалт хэрэгжвэл замын түгжрэл 30-40 хувь буурна гэсэн судалгааг хийсэн бөгөөд ирэх 11 дүгээр сараас хэрэгжиж эхлэх гэнэ. Тэгэхээр ерөнхийд нь энэ шийдвэрийг харахад иргэд хотын төвөөр хоёр цаг болоод л холхиод байж таарах нь.
 Угтаа дэлхийн улс орнуудын автомашинжилтын түвшин гэж байдаг. 1000 хүнд ногдох автомашинжилтын түвшингээр нэг хүнд 30-130 ногдох юм бол хэвийн гэж үздэг. Харин нэг хүнд 130-210 автомашин ногдвол зам ачаалалтай болж, автомашины импортыг хязгаарлах шаардлагатай гэж үздэг байна. Гэтэл Улаанбаатар хотын хувьд нэг хүнд 327 автомашин ногдож буй. Тиймээс хотын бүсчлэл болон автомашины импортыг цэгцэлж, нийтийн тээвэр, такси  үйлчилгээг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Г.Хулан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ