Хүчирхийлэлд хүн өртөхийг харсан, сонссон бол тусалдаг бай!

Монгол улсад хүүхдийн эрх зөрчигдөж, хүчирхийлэлд өртөх явдал улам бүр гаарлаа. Хамгийн сүүлд гэхэд есхөн настай бяцхан охин зэрлэг, балмад хойд эцэгтээ зодуулж амиа алдав. Тодруулбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс охины цогцост хийсэн шинжилгээгээр нүүр, дух, зүүн хацар, чих хуучин зулгаралттай, дотор эрхтнийг шинжлэхэд хоёр талын хавирга хугарч, бороолсон, 12 хуруу гэдэс няцарсан шархтай, бүдүүн гэдэсний чацархай урагдсан байсан. Урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн үрэвслийн хордлогоор нас барсан байх магадлалтай. Бүдүүн гэдэс урагдаж, нарийн гэдэс няцарч, цоорсон учраас агууламжууд гэдэсний хөндийд үүсч, түүнээсээ болж үрэвсэж нас барсан байх магадлалтай гэсэн дүгнэлт гаргажээ. Мөн тодорхой гадаргуутай зүйлээр хүчтэй цохисон байх магадлалтай аж. Иймээс лабораторийн шинжилгээ хийнэ гэжээ.
Гурван сарын өмнө охиныг ээж нь хорооныхоо нийгмийн ажилтны хамтаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэхэд таван хавирга хугарч, бороолсон гэдэг онош тавьж байжээ. Өөрөөр хэлбэл, охин өмнө нь ч мөн бэртэл гэмтэл авч байсныг эмчийн үзлэг, оношилгоо батална. Харамсалтай нь, охин нь амь насаа алдчихаад байхад ээж нь “Нөхөрт буруу байхгүй” гэдэг тайлбарыг хэвлэлд өгсөн бол Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар мэдээлэл цуглуулах ажлыг эхлүүлээд байна.
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Талийгаач охин өмнө нь хүчирхийлэлд өртөж байсан талаар хорооны хамтарсан баг огт мэдээлээгүй. Анхан шатанд ажиллаж байгаа цагдаагийн ажилтан тухайн гэр бүлд анхаарал хандуулж ажиллаагүй байна. Өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сард талийгаач охин алга болсон гэх дуудлага хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж байсан. Тухайн дуудлагыг шалгахад “Хүүхэд орон нутаг руу эмээтэйгээ утсаар ярих гэж дэлгүүр явсныг мэдээлсэн байна” гэж эцэг, эх нь хэлж байсан. Хамтарсан багийн бүтэц, чиг үүргийг хуульчилж өгсөн байдаг. Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлсэн тохиолдолд шуурхай арга хэмжээг авч, 72 цагийн дотор нөхцөл байдлын үнэлгээг хийх, дараагийн шатны байгууллагатай холбон жуучлах чиг үүрэгтэй байдаг. Гэтэл тухайн хорооны хамтарсан баг өрхийн мэдээлэлд анхаарч ажиллаагүй. Өнгөрсөн оны зургаадугаар сард талийгаач охин тоглож байгаад гараа гэмтээж, хорооны нийгмийн ажилтныхаа хамтаар хандаж байсан юм билээ. 5000, 10 мянган хүн ам дунд нэг нийгмийн ажилтан ажиллаж байна” гэдэг тайлбар хийв.
Угтаа хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ганц төрийн бус байгууллага бүхнийг хийх ёстой биш. Төрд иргэндээ үйлчлэх хороо, дүүргийн Засаг даргын Тамгын газар, сургуулийн захиргаа, нийгмийн ажилтан, дүүргийн цагдаа нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар гээд дурдвал татвар төлөгчдийн мөнгөөр цалинжаад суудаг олон байгууллага бий. Хүчээ нэгтгээд ажилдаа хариуцлагатай хандсан бол охиныг аюулаас хамгаалах боломж байжээ гэж харагдаж буй.
2020 он гарсаар 160 хүүхэд хүчирхийллийн гэмт хэрэгт өртөж, хохирсон байна. Энд нэг зүйлийг онцлоход дээрх тоо бол зөвхөн хууль, хяналтын байгууллагад хэн нэгэн хандсанаар ил болсон гэмт хэргийн тоо. Үүний цаана далд хэлбэрээр одоог хүртэл хүүхдийн хүчирхийлэл үйлдэгдсээр байгааг таамаглах аргагүй.
Гэр бүлийн орчинд үйлдэгддэг хүчирхийллийг ихэвчлэн хөрш, ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь л хуулийн байгууллагад хандаж илчилдэг. Учир нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй нийт эмэгтэйчүүд, хүүхдүүдийн олонх нь амьдралын баталгаажих түвшин доогуур, хүчирхийлэгч нь гэр бүлээ тэжээдэг байх нь элбэг.
Энэ тохиолдолд гэр бүлийн хүн нь дийлэнхдээ тэвчих замыг сонгосон байдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Тэд “Хэрэв миний хүүхдийг хүчирхийлээд байна гээд цагдаад мэдэгдвэл орлогын эх үүсвэргүй болно. Мөн хуулийн байгууллагаас ногдуулсан ямар нэгэн шийтгэлийг хүлээснийхээ дараа бүр илүү хохирол учруулж мэднэ” гэх айдсаасаа болж хэргийг нуун дарагдуулдаг байна. Энэ нь хүчирхийлэл үйлдэгчийг улам өөгшүүлж буй нэг хэлбэр юм.
Түүнчлэн хүүхдийг сэтгэл санаа, бие мах бодийн хүчирхийлэлд өртүүлж буй олон шалтгаан бий. Тодруулбал, гэр бүл буруу төлөвлөлт, архины хамаарал, боловсролын байдал, ажилгүйдэл зэрэг нь голлон нөлөөлдөг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийг боловсролын нөхцөл байдлаар авч үзвэл бүрэн дунд буюу түүнээс доош боловсролтой эрэгтэйчүүд хүүхдийн эрхийг зөрчих тохиолдол элбэг байдаг аж.
Тэгвэл одоо бид юу хийх ёстой вэ. Инээж, эрхэлж, тоглоод гүйж байх насны алдрай бяцхан үрсээ харгис эцэг, эхийн гарт зодуулж, хүчирхийлүүлсээр байх уу. Бүгдээрээ “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн хэрэгжилтийг маш сайн хангах хэрэгтэй” гэсэн хариулт өгөөд л сууж байх уу. Эсвэл 108 тоот дугаарын утаст хэн нэгэн “Тэнд хүүхэд хүчирхийлүүлж, зодуулж байна” гэх дуудлага өгөхийг хүлээгээд суух уу. Угтаа хүмүүс хүчирхийлэлд хэн нэгэн өртөхийг харсан, сонссон л бол тусалдаг байх хэрэгтэй.
Түүнчлэн хүүхдүүд, эцэг эхчүүдийн дунд эрх зүйн ойлголт, хүчирхийллийн хор уршгийн талаарх мэдээлэл, сургалтыг байнга зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Мөн гэр бүл, эцэг, эхчүүдэд хүчирхийллийн хор хөнөөлийг ойлгуулах, хүүхдийг хэрхэн зөв хүмүүжүүлж, асран хамгаалах талаарх нөлөөллийн арга хэмжээ байнга зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ