Өвчлөл ихсэх тусам эмийн бизнес эрхлэгчдийн хэтэвч "зузаардаг"

Манай улсад бүх зүйлд эрх чөлөө гэсэн сайхан нэр томьёо үйлчилдэг. Бас үүгээр далимдуулан түрэмгийлэх үзэгдэл газар авсаар байгаа нь нууц биш. Эмийн зах зээл л гэхэд хяналтгүй болоод олон жил болжээ. 5000 хүн тутамд нэг оногдох ёстой эмийн сан эцэстээ айл бүрийн хажууд, шинэ баригдаж буй хотхон бүрт үүд хаалгаа нээлээ.
Жил ирэх тусам зах зээлийн эргэлтэд оруулах эмийн нэр ч улам зузаарч байна. Өнгөрсөн жил л гэхэд гадаадаас импортлох эмийн бүртгэлд 40 гаруй нэр төрлийн эм бичигджээ. Харин дотоодод үйлдвэрлэсэн 10 гаруй эмийг албан ёсоор бүртгэсэн байх юм. Түүнчлэн уламжлалт эмчилгээний өчнөөн төрлийн тангууд хүртэл бүртгэлийн жагсаалтыг зузаатгав.
Ингэж нэр төрөл нь олшрохын хэрээр сонголт бий болж буй ч үнэ нь тэнгэрт хадсан хэвээр. Уг нь зах зээлийн жамаар бол сонголт өргөжихийн хэрээр үнэ буурдаг ёстой. Гэтэл эмийн салбарт ийм зарчим хэзээ ч үйлчлэхгүй шинжтэй. Эм бол чихэр жимс хийгээд өргөн хэрэглээний бараатай адилгүй. Онцгой бүтээгдэхүүн гэдэг утгаараа тодорхой байдлаар хяналт зохицуулалт үйлчлэх учиртай. Гэвч манай улсад тийм зохицуулалт одоогоор алга. Зовлон болоход лам баяждаг, зуд болоход нохой зоолдогийн адил өвчлөл ихсэх тусам эмийн бизнес эрхлэгчдийн хэтэвч зузаардаг аж.
Түүнчлэн УИХ- ын чуулганы хуралдааны үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эм хилээр орж ирсэн үнээсээ 68 хувийн нэмэгдэлтэй зарагддаг. ДЭМБ- ын жишиг үнэтэй харьцуулахад таваас зургаа дахин өндөр үнэтэй байгаа нь судалгаагаар батлагдсан. Эмийн үнийг дураараа тогтоодог асуудлыг цэгцлэхгүй бол зэрлэг капитализм байдлаар явж байна. Мөн ДЭМБ-ын судалгаагаар хилээр орж ирж буй гурван эм тутмын нэг нь хуурамч гэсэн үр дүн гарсан. Тиймээс мэргэжлийн агентлаг байгуулж ажиллах хэрэгтэй. Энд олон хүний эрүүл мэндийн асуудал яригдаж байна” хэмээн ярьсан нь эмийн бизнесийн булхай хэчнээн газар авсныг гэрчилнэ.
Судалгаагаар бөөний төв 30 хувь хүртэл, эмийн сан 15 хувиар үнээ нэмдэг аж. Ийнхүү хамгийн багадаа 60 хувийн нэмэгдэлтэйгээр худалдаанд гарч байгаа юм. Мөн мэргэжлийн байгууллагын шалгалтаар зарим эм ханган нийлүүлэх байгууллагууд дээрх хэмжээнээс илүүг нэмдэг нь тогтоогдсон. Нэгэнт импортын бүтээгдэхүүний үнэ өндөр тогтчихоор дотоодын эмийн үнэ өсөх нь тодорхой. Бизнес эрхлэгчдийн урдаа барьдаг бамбай нь долларын ханш. Гэтэл эмийн үнийг хэрхэн тогтоох, хянах талаар хуульчилсан зүйл үгүй учир арга хэмжээ авахад төвөгтэй байгаа хэвээр.
Тэгвэл дэлхийн бусад орон үүнийг хэрхэн зохицуулж байна вэ? Том зах зээлтэй хэд хэдэн орон эмийн үнийг хянадаг тогтолцоог бүрдүүлжээ. Тодруулбал, БНХАУ, Энэтхэг, Бельги, Франц зэрэг улс эмийн үнийн түвшинг хатуу хянадаг байна. Харин АНУ, Герман, Британи зэрэг улсад зах зээлийнхээ эрэлт нийлүүлэлтийн харьцаагаар зохицуулагддаг хуультай аж. Дэлхий нийтэд эмийн үнийг хязгаарлах болон дэмжих гэсэн хоёр байдлаар зохицуулдаг байна. Том зах зээлтэй орнууд ерөнхийдөө үнийг хязгаарлах бодлого барьдаг. Харин судалгаа, шинжилгээний туршилтын журмаар хэрэглэх эмийн үнийг дэмжих бодлого барихаас өөр аргагүй болдог аж.
Угтаа мэргэжлийн хяналтын ерөнхий газар эмийн чанар аюулгүй байдалд хяналт тавих үүрэгтэй. Харин одоогоор үнийг зохицуулдаг байгууллага гэж алга. Үүнийг эмийн бизнес эрхлэгчид далимдуулан амандаа орсон үнээ хэлж, иргэдийн халаасыг суйлж байна. Манай улс цөөн хүн амтай, иргэдийнх нь дийлэнх тийм ч хангалуун амьдралтай биш өнөөгийн нөхцөлд үнэд нь хяналт тавьдаг болчихвол тустай алхам болно. Уг нь эмийн замбараагүй хэрэглээтэй улсад үнэ өндөр байх нь тохиромжтой мэт боловч үүний цаана хууль бус бизнес цэцэглэж иргэдийг хохироож болохгүй.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ