Бага насны хүүхдүүдэд баталгаагүй хүнс худалдахгүй байя!

Эцэг, эхчүүд хүүхдээ сургуульдаа явахад нь өдрийн хоолыг нь бэлтгэж өгдөг үү. Амждаггүй гэсэн шалтгаанаар халаасны мөнгө өгөөд л явуулдаг уу. Тэр мөнгөөр юу худалдаж авч иддэгийг сонирхож үзсэн үү. Таны хүүхэд бэлэн гоймон, гаазтай ундаагаар өл залгуулж яваа юм биш биз. Эх орны ирээдүй болсон хүүхэд, залуучуудын эрүүл мэнд хэдэн жилийн дараа ямар байх бол. Сургуулийн насны хүүхдүүдийн дийлэнх нь эрүүл мэндэд “хортой” бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэж байгаа нь дээрх асуултыг тавих болсон шалтгаан юм.
Өдрийн ихэнх цагийг сургууль дээрээ өнгөрөөж буй сурагчид дэлгүүр, түц, хоолны газраас түргэн хоол, бэлэн гоймон авч “өл дардаг”. Угтаа 2013 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар сургуулийн орчимд худалдаалж болохгүй хүнсний жагсаалтыг баталсан байдаг. Үүнд чихэр, шоколад, хийжүүлсэн ундаанаас эхлээд бүх төрлийн түргэн хоол гэх мэт хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүх хүнсийг хориглосон байдаг. 2018 онд энэхүү жагсаалтыг шинэчлэн баталсан ч сайжруулах шаардлагатайн улмаас цуцалсан байдаг. Тиймээс 2013 оны энэ жагсаалт одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна гэсэн үг.
Гэвч бодит байдал дээр сургуулийн эргэн тойронд хүнсний худалдаа эрхэлж буй газруудад хориглосон хүнсний бүтээгдэхүүнүүд л хамгийн их худалдаалагдаж, хамгийн их ашиг орлогыг эзэддээ авчирч байна. Ийнхүү нийслэлийн зарим сургуулийн эргэн тойронд дараах ажиглалтыг хийсэн юм. Жишээлбэл, Нийслэлийн Ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль. Тус сургуулиас холгүй хоёр ТҮЦ ажилладаг. Хоёулаа халуун кофе, хүйтэн ундаагаар үйлчилнэ гэсэн бичиг байршуулжээ. Тэнд энгийн, кимчитэй гэсэн хоёр төрлийн пирошки борлуулдаг. Нэг нь бэлэн гоймон сууж идэх боломжтой сандал, ширээ, халуун ус зэргээр үйлчилж байна. Тэнд үйлчлүүлж байгаа хүмүүсийн 80-90 хувь нь сурагчид байв. Ердөө 10 минут орчим тэнд зогсоод ажиглахад долоон хүүхэд газтай ундаа, зургаан хүүхэд ороомог, гурван хүүхэд мантуун бууз худалдаж аваад гарав. Түргэн хоол худалдаж авч байгаа хүүхдүүд ёс юм шиг аягатай ундаа бариад гарч байгаа нь туйлын харамсалтай. Энэ мэтчилэн хэд хэдэн сургуулийн эргэн тойронд байх дэлгүүр, ТҮЦ-ээр ороход ороомог, пирошки, бургер, хотдог, бэлэн гоймон, газтай ундаа, печень, зайрмаг гээд бүтээгдэхүүнүүд хамгийн эрэлттэй байв.
Худалдан авалт хийж байгаа хүүхдүүдээс асуухад ихэнх нь “Аав, ээж юм авч идээрэй гэж өдөрт 1000-3000 төгрөг өгдөг. Ороомог, пирошки авч идэхэд хүрдэг” гэж хариулж байлаа. Тэр мөнгөнд таарах хоол бол түргэн хоол гэдэг нь үнэн. Сургуулийн орчимд худалдаа, үйлдвэрлэл эрхэлж байгаа эдгээр газрууд хууль зөрчсөн үү гэвэл бас л маргаантай. Учир нь сургуулийн орчин гэж яг хэдэн метр зайг хэлээд байгаа нь тодорхойгүй гэдгийг мэргэжлийн хяналтынхан өөрсдөө хэлдэг. Нөгөө талаас хүүхдүүдэд буруу байхгүй. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож, бэлэн мөнгө өгч явуулахгүй байх, шим тэжээлтэй халуун хоол бэлтгэж өгөх, өгсөн мөнгөөр нь юу авч байгааг хянах гээд үүрэг хариуцлагаа биелүүлэх шаардлагатай байна.
Ихэвчлэн бага ангийн хүүхдүүд чихэрлэг бүтээгдэхүүн, ундаа, бэлэн, түргэн хоолыг маш ихээр худалдан авдаг. Одоо монгол хүүхдүүдийн ихэнх нь шүдний цооролттой байна. Мөн илүүдэл жингийн асуудал ч яригдана. Ирээдүйд зүрх судас, хавдар гэх мэт олон өвчний суурийг буруу хооллолт л тавьдаг. Иймд эцэг, эхчүүд хүүхдүүддээ гэртээ хоол хүнсийг нь бэлдэж өгөөд явуулдаг байх хэрэгтэй. Өглөөд хүүхдүүдээ гарахад нь өглөөний цайг нь байнга уулгаж хэвшүүлэх хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд ч сануулсаар байна. Ер нь эцэг, эхчүүд бид л дор бүрнээ хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа тавьж, хайрлахгүй бол өөр хэн ч таны хүүхдийг анхаарахгүй шүү дээ. Хамгийн шим тэжээллэг, эрүүл хүнсийг өдөр тутамдаа хэрэглэх ёстой насандаа түргэн хоол, газтай ундаа, бэлэн гоймонгоор ходоодоо дүүргэж байгаа сурагчдын эрүүл мэндийн асуудал тун удахгүй гамшгийн хэмжээнд хүрэх вий.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ