Түгжрэлийг тэгш, сондгойгоор зорчуулж шийдье!

Замын түгжрэл ярихаас ч залхмаар сэдвийн нэг болоод буй. Ажил, амралтын өдөргүй л хэдэн цагаар зам дээр гацаж, түгжирдэг дүр зураг Улаанбаатар хотын амьдралын хэмнэл болтлоо дасал болж. Жил ирэх тусам хотын хөл хөдөлгөөн нэмэгдэнэ үү гэхээс буурсангүй. Гадаа цас хаялж, халтиргаа гулгаа үүссэн энэ өдрүүдэд замын түгжрэл улам нэмэгддэг.
Ажил эхлэх, тарах цагаар хотын төвийн зам түгжирч, уртаас урт дараалал үүссэний улмаас хэн хүний хараал бардаг. Өчигдөр л гэхэд орой 18.00 цагт “талбайн” автобусны буудлаас офицер хүрэх автобусанд суулаа. За тэгээд ёстой тэг зогсолт болов. Автобусанд янз бүрийн л ааш араншинтай зорчигчид сууна. Зарим нь түгжрэлийг хараалаа. Зарим нь буугаад алхсан бол зарим нь суудал дээрээ унтацгаана. Шахцалдаж явахаас залхсан хүмүүс нэгэнрүүгээ “цаашаа зогс” гэж хэдэрлэнэ. Ойрхон гэртэй хүмүүс бол буугаад л алхчихна. Хол ажил, гэртэй хүмүүс нь автобус түгжрэлээс гарчих болов уу гэсэн горьдлогоор хүлээж тэвчээрээ шалгана. Түгжрэл дунд унаа хүлээсэн хүмүүс автобусны буудал дээр жирийтэл зогсч холхилдоно. Арай гэж түгжрэлээс гармагц автобусны бараа харсан хүмүүс уралдаж суухаар гүйлдэн урд талын хаалгаар багталцахгүй “алаан” болов. Ийм нэг хөгтэй ч юмуу “хөгийн” байдлаар дөрвөн цагийн турш түгжирч явсаар гэрийн бараа харав.
Улаанбаатар хотын хэмжээнд 450 гаруй мянган автомашин хөдөлгөөнд оролцдог судалгаа бий. Үүнээс 350 гаруй мянга нь замын хөдөлгөөнд идэвхитэй буюу өдөр бүр оролцдог байна. Жилд 40 мянга орчим шинэ автомашинд гэрчилгээ олгодог судалгааг мэргэжлийн байгууллагаас танилцуулсан. Энэхүү тоон судалгаанаас Нийслэл хотын зам талбайд автомашин “багталцахгүй” нь аргагүй болохыг харж болно. Өөр нэг судалгаа дурдвал, Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт нэг цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгөрөөдөг болохыг тогтоосон байна. Түүнчлэн Замын хөдөлгөөнд өдөрт таван цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 3/1 буюу 37 хувийг л амжуулдаг хэмээн хариулсан байна.
Өнгөрсөн хугацаанд түгжрэлийг бууруулахын тулд замын нэгдүгээр эгнээгээ нийтийн тээвэрт зориулав. Гэтэл нийтийн тээврийн түгжрэх хугацаа багассан ч суух зорчигчдынх нь тоо нэмэгдсэнгүй. Нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачих шийдвэр түгжрэлийг арилгах нэг гарц гэж үзсэн байдаг. Гэтэл ачилтын компаниуд дураараа дургиж, иргэд харин ачуулахгүй байх гарцаа олж чадав. Зогсоол нэмсэн ч автомашин нь дагаад нэмэгдлээ. Шар зураас бий болголоо, зарим уулзвар, гарцыг нэмлээ, нэг чигийн урсгалд оруулав. Гэлээ ч түгжрэл нэмэгдсэн үү, гэхээс огтхон ч буурсангүй.
Угтаа захуудыг нүүлгэх, их дээд сургуулийг хотоос гаргах талаар дарга нар 10 гаруй жил ярьсан ч дорвитой өөрчлөлт хийсэн зүйл огтхон ч алга. Олон жилийн хугацаанд түгжрэлийг бууруулах ганцхан дорвитой санаа бодож олсон нь дугаарын хязгаарлалт байсан билээ. Гэвч иргэд дахин нэг машин худалдан авч бариснаар түгжрэл нөгөөх л бахь байдгаараа. Иймд хотын удирдлагууд замын хөдөлгөөнд тэгш, сондгойгоор зорчуулах юмуу хотын бүсчлэлийн асуудлыг шийдвэрлэх зэргээр ямар нэгэн аргыг олж, түгжрэл хэмээх “түмэн зовлонгоос” салгамаар байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ