Хаягдсан циркчдийг "хаягтай" болгоё!

Дэлхийд шагшигдаж явсан Монголын цирк хөгжөөд энэ онд 80 дахь жилтэйгээ золгож буй. Түүхийн хуудсыг эргүүлвэл 1971 онд одоогийн “Асацирк”-ийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулж байсан билээ. Ийнхүү Монголын циркчид бэлтгэл, сургуулилтаа хийж, уран бүтээлээ толилуулах зориулалтын байртай болсон юм. Циркийн барилгын зураг төслийг архитекторч Б.Шархүү гуай хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж, 1750 хүний суудалтайгаар төлөвлөсөн гэдэг.
Хүүхэд залуучуудын очих дуртай газрын нэг Улсын цирк нь 1971-ээс хувьчлагдах 2007 он хүртэлх хугацаанд 30-аад ажиллагсад, 200 орчим уран бүтээлч, 40 гаруй мал, амьтан, араатантай байсан тухай тоон баримт бий.
Долоо хоногт ес, жилд 1400 удаагийн тоглолт хийж, суудлын 70-75 хувьд хүрч, жилд 890 мянган хүн үйлчлүүлдэг байжээ. Харамсалтай нь хуудуутай хувьчлалын балгаар хүүхэд залуусын соёлд суралцах, нүд баясаж, сэтгэл сэргэх газар нэгээр хорогдсон. Хотын А зэрэглэлд “Аса цирк” гэх нэртэй энэ бөөрөнхий байшинд одоо элдэв төрлийн худалдаа, наймаа, сар шинийн золголт, буян ном хурах хурал, цуглаан, төрөл бүрийн урлагийн тоглолт л болдог болсон. Гадна талбай нь машины худалдаа наймаагаар дүүрсэн гээд циркийн урлагийг хөгжүүлэх бус бизнес, ашиг хонжооны төлөөх байгууллага болсон нь нүдэнд ил.
Улсын цирк 13 жилийн өмнө хувьчлагдсанаас хойш энэ урлагаас үлдсэн сүүлчийн зүйл нь Циркийн сургуулийн тэнхим юм. Тэд энэ жил сургуулийнхаа 80 жилийн ойг тэмдэглэж буй хэрнээ нүүдлийн асар цирк бариад гадаа хүйтэнд бэлтгэлээ хийж байна. Энэхүү нүүдлийн асар циркийг Бүжиг циркийн Мэргэжлийн сургуулийн төгсөгч н.Эрдэнэ бэлэглэсэн байна. Энэ асаргүй бол циркийн жүжигчид “орох газар, оочих хаяггүй” хэцүүхэн байх байж.
Энэ талаар Монголын Циркийг үндэслэгч УГЖ Ж.Раднаабазарын охин Р.Нарантуяа “Түүхэн урлагийн түүхэн байрыг нүдэн дээр нурааж Монгол Улсын хөгжлийг саатуулж байгаа нь эмгэнэл. Дэлхийд дээгүүр үнэлэгддэг Монгол Цирк гудамжинд гарлаа. Циркийн арвин их түүхэнд сургуулилттай олон амьтад байдаг байлаа. Сүүлд циркийг хувьчилж авсан Д.Дагвадорж аваргын аав Долгорсүрэн гуайгаас тэдгээр амьтдыг яасан бэ гэж асуухад долоон буудалд аваачсан гэж хариуцлагагүйгээр аавын минь зурагны өмнө хэлж голыг минь зурж байлаа” гэлээ.
Циркийн урлагийн салбар нь хоёр жилд нэг удаа төгсөлт бэлтгэдэг үнэ цэнэтэй мэргэжлийн жүжигчдийг бэлтгэн гаргадаг. Төгсөгчдийн 80 гаруй хувь нь цаашдаа мэргэжлээ дээшлүүлэн ажилладаг давуу талтай аж. Гэвч манай улс циркийн урлагийг хөгжүүлэх байнгын үйл ажиллагаа явуулах боломжоор нь хангадаггүй харин ч боож, хааж байна.
Циркийн сургуулилт бол зориулалтын орон зайд, чанарын шаардлага хангасан бэлтгэлийн байранд сургуулилт хийж үр дүнгээ авах ёстой салбар. Гэвч Улсын цирк хувьчлагдсанаас хойш тэд нүүдлийн асартаа хүйтэнд хөрч, халуунд халан бэлтгэл сургуулилтаа базааж байна. Иймд бор зүрхээрээ яваа циркчдэд Улсын циркийг нь буцааж өгөхийг хүсэж байна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ