"Залуучуудын орон"-д залуусыг дэмжих бодлого байна уу?

Монголын хүн амын гуравны нэгийг хөдөлмөрийн насныхан, талыг нь залуучууд эзэлдэг. Тиймээс Монголыг залуучуудын орон гэдэг. Залуу хүн буюу хөдөлмөрийн насныхан олон байна гэдэг тухайн улсын хүн амын бүтээмж өндөрсөж, үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийн түвшин сайн байна гэсэн үг.



Манай улсын хувьд залуучуудын гэлтгүй нийт хүн амын хөдөлмөр эрхлэлт анхаарахуйц асуудлын нэн тэргүүнд нэрлэгддэг. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин долоон хувьтай гэдэг. Тэгвэл залуучуудын ажилгүйдлийн түвшин үүнээс хоёр дахин их байдаг гэдгийг Хөдөлмөр хамгааллын судалгааны институтээс мэдээлсэн байна. институтээс залуучуудын ажил хийдэггүй шалтгааныг тодруулахад, дийлэнх нь ажил хайгаад олддоггүй гэсэн хариулт өгчээ. Харин үлдсэн нь хүүхэд асарч байгаа, гэрийн ажилтай, жирэмсэн, ажиллахыг хүссэн ч шантарсан, ажил хийхийг хүсдэггүй гэсэн байна.



Тэгвэл Монголын залуучуудын дийлэнх нь хаана ажилладаг вэ. Энэ маш товчхон бас ойлгомжтой. Монгол Улсын нийт ажиллагсдын 600 орчим мянга нь худалдааны, 270 орчим мянга нь үйлчилгээний, 300 орчим мянга нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн зах зээлд жин дардаг салбарт, залуучууд ч мөн жинтэй байдаг гэсэн үг. Нээрээ ч томоохон сүлжээ дэлгүүр, нийтийн хоолны газар, үүрэн холбооны оператор, банк, кино театр гэх мэт газар залуус л гүйлдэж, мэнд мэдэж, үйлчлэх нь элбэг. 



Монгол Улсын хүн амын хэтийн тооцоогоор 15- 34 насны залуучуудын тоо 2030 онд 1.026.600, 2040 онд 1.156.620 болж өсөх хандлагатай гэсэн байдаг. Ингэхээр цаашид ч Монгол Улсын хүн амын бүтцэд залуучууд давамгайлахаар байна. Гэхдээ одоогийн нөхцөл байдал дээрдэхгүй бол залуучууд хэчнээн давамгайлаад хөгжлийн салхи сэвэлзэхгүй. Үүнд төрийн бодлого тулах багана байх ёстой. Өөрөөр хэлбэл, залуусын эрхийг хангах, тэдний хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт хийх, бүх шатан дахь залуучуудын бодит оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын амьдралын чанарыг сайжруулах, амьдралын түвшинг нэмэгдүүлэх бодлого байх ёстой.  



Гэтэл Монголын залуучуудын нөхцөл байдлыг харвал нийтлэг төрх нь орлого бага, хөдөлмөр эрхэлсэн ч орлого нь хэрэглээгээ хангадаггүй. Мөн байр, машин, цалингийн зээлд цалингаа талладаг. Тэрнээсээ үүдээд хөгжих, чөлөөт цагаа өнгөрөөх нь хязгаарлагдмал болж байна. Ингэхээр хаалганы гаднаас харвал хүн амын бүтцээрээ Монгол залуусын орон мөн. Гэвч үүдээр нь шагайгаад ажвал Монголд залуучуудын бүтээмж тийм ч тод харагдахгүй байна. Тэд нам гүмхэн урдах ажлаа хийж, амьдралаа залгуулдаг. Нийгэмд оролцоо нь үл мэдэгдэж, өөрчлөлт ирэхийг зүгээр л хүлцэнгүйгээр хүлээдэг. Энэ л нийтлэг төрх байсаар байна. Үүний бурууг өмнөх нийгмийн хүмүүсийн сурган хүмүүжүүлэх ухаанаас хайх уу, боловсролын системийн чанараас хайх уу, эсвэл орлого бага иргэдтэй улсынхаа хөгжлөөс хайх уу?

 



Г.Хулан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ