Улаанбаатарын утаа яг буурсан уу?

Уршигт утааг бууруулах зорилгоор нийслэлийн 220 гаруй мянган айл өрх сайнтай, муутай хэлүүлсээр ирсэн сайжруулсан шахмал түлшийг хэрэглээд хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Өнгөрсөн өвлийн хувьд идэр есийн хүйтэн эхлэхэд утаа багассан юм уу даа гэх эргэлзсэн нэгэн байхад нүдэн баримжаагаар нээрээ багасчихсан ч юм уу даа гэх нэг нь ч байлаа. Эргэлзээг тайлах зүйл нь агаарын бохирдлыг илэрхийлэх тоон үзүүлэлт. Өнгийн харвал утааны оргил үе буюу 12дугаар сард Улаанбаатар хотын агаарын бохирдол өнгөрсөн оны мөн үеийнхээс 45 хувиар, PM10 тоосонцор 43 хувиар, PM2.5 тоосонцор 38 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарсан. Энэхүү мэдээлэл нь өнөөдрийг хүртэл “Утаа буурна гэдэг угаас бүтэшгүй зүйл” гэсэн бодлыг няцаасан төдийгүй агаарын бохирдлыг бууруулахад хүн бүрийн хичээл зүтгэл чухал гэдгийг тод харуулчих шиг.  

Харамсалтай нь түлшийг тараахаас урьтаж зуухны зөв хэрэглээний талаар мэдээлэл, мэдлэг хомс байснаас үүдэн мөн л угаартах ослууд гарч өнгөрсөн аравдугаар сарын байдлаар л гэхэд 12 хүний амь эрсдэж, олон мянган хүн угаартсан гэсэн дуудлага өгч байсныг мартах учиргүй. Тухайн үед ердийн зууханд сайжруулсан түлшийг хэрэглэх боломжтой, хамгийн гол нь иргэд зуухаа сайжруулж, галлагаагаа зөв хийх ёстойг сануулсан.

Агаарын бохирдолтой хийж буй тэмцлийн тэргүүлэх зорилго бол хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах. Гамшгийн түвшинд хүрээд байсан агаарын бохирдлоос амь нас, эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ нэг ч осол эндэл гаргахгүй байхаас сэргийлэх шаардлагатай. Ингэхдээ судалгаа, туршилтуудыг хангалттай сайн хийж, мэдээлэл, зааварчилгааг өрх бүрт хүргэсний дараагаар хэрэгжүүлэх нь чухал. Гэтэл тэгээгүй, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгч болсон.  

Эндээс харахад “Сайжруулсан зуух”, “Сайжруулсан түлш” хоорондын уялдаа байгаагүйгээс гадна судалгаа, туршилт сайн хийгдээгүй, иргэдийг мэдээллээр бүрэн хангаагүйгээр хэрэглээнд нэвтрүүлсэн явдал нь эрсдлийг дагуулсан гэж харж байна. Уг нь зуухаа, түлшээ иж бүрэн шийдээд явсан бол утаанаас салах боломж байсан уу гэвэл байсан. Ийнхүү нэг ажлыг хоёр том ажил болгожээ. 

Цаашид бид агаарын бохирдлыг үүнээс ч илүү хэмжээнд бууруулж, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй уг бохирдлыг багасгахын төлөө хамтын оролцоотойгоор тууштай ажиллах хэрэгтэй байна. Үүний тулд бид юу хийх вэ?

1. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг улс төржүүлэхгүй, өмнөх төр засгийн эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлдэг төрийн залгамж халаа нэн чухал. Ингэж байж л бид урт хугацаандаа үр дүнд хүрнэ. 

2. “Сайжруулсан” нэртэй хөтөлбөрүүд монголчуудын хувьд шинэ байсан бөгөөд бидний уламжлалт галлах аргаас өөр тул хүний алтан амийг эрсдүүлэхгүйн тул хэрэглээнд нэвтрүүлэхээсээ өмнө иргэдэд хангалттай мэдээлэл өгч сургалтуудыг хийх хэрэгтэй. Хандлагыг өөрчлөхөд хугацаа хэрэгтэй гэдгийг үргэлж санах учиртай. 

3. Агаарын бохирдлыг үр дүнтэй бууруулахад цогц төлөвлөгөө хэрэгтэй тул авах арга хэмжээнүүдийн зөв төлөвлөлт, хоорондын уялдаа холбоо чухал байна.

 

Г.Хулан

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ